2021.12.20
Хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрэх боломжтой боллоо
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын багт УИХ-ын гишүүн С.Одонтуяа Монгол-Оросын Парламентын бүлгийн даргын хувиар 2021.12.15-17-ны өдрүүдэд ОХУ-д ажиллаад ирлээ.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон юм.
- Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд “Холболтын бодлого” гэдгийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлж ирсэн байдаг.
- Хүн төрөлхтөн өөр хоорондоо холбогдож байж хөгжсөн. Хөгжлийн түүх бол холболтын түүх. Дундад зуунд Торгоны замын ачаар Ази-Европ холбогдож аль аль нь хөгжсөн. Бидний өвөг дээдэс энэ холболтын ач холбогдлыг маш сайн ухаарч Торгоны замыг хяналтандаа авсан төдийгүй аюулгүй байдлыг нь бүрэн хангаж татвар хураамжаа авч байсан түүхтэй. Дэлхийд холбогдсон нь хөгжиж холбогдоогүй нь хоцрогдож буй цаг үед бид амьдарч байна. Эдийн засгийн гадаад бодлого дээр улс төржилгүй, бид юуны өмнө 2 хөрштэйгөө “холбогдох” төмөр зам, хурдны зам, газ, нефтийн хоолой, өндөр хурдны цахим холболт зэрэг төслүүдээ хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой “холболтын бодлого” гэж тодорхойлоод нэн түрүүнд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
- Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах, Төмөр замын шинэчлэлийг эрчимжүүлж Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн суурь бүтцийг шинэчилж, босоо тэнхлэгийн төмөр замын коридор байгуулах, хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулахаар болж, Алтанбулаг-Хиагтыг дамнасан бүс байгуулж, хоёр талдаа ашиг өгдөг эдийн засгийн Боомт болгохоор тохиролцов.
- Хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрснээр уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц зэрэг бүхий л салбар, чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх боломж гэж харж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn