Японы Олон Улсын Хөдөлмөрийн сангийн “Урилгын хөтөлбөр 2021” эхэллээ
МҮЭ-ийн холбоо болон Японы Олон Улсын Хөдөлмөрийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Урилгын хөтөлбөр”-ийн энэ жилийн элсэлт өнөөдөр /2021.12.06/ эхэллээ.
Хөтөлбөрийн эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа, ГХОНХХ-ийн дарга Э.Амарсанаа, ЯОУХС-гийн ерөнхийлөгч Айхара, Ерөнхий захирал Яаги, Зөвлөх Ояама болон бусад холбогдох албаны дарга нар оролцож, нээлтийн үг хэлсэн юм. Түүнчлэн МТЗАҮЭХ-ны дэд дарга Б.Алтанхуяг, МОСНААҮА-ны ҮЭХ-ны дарга Б.Жавзандулам, МҮЭ-ийн холбооны мэргэжилтэн Д.Баттөгөлдөр, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн багш арга зүйч Б.Насанжаргал, Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны дээд сургуулын багш Н.Мөнгөнбагана нар оролцож байна.
Энэ үеэр ЯОУХС-ийн ерөнхийлөгч ноён Айхара хэлэхдээ “Энэхүү хөтөлбөр нь Японы Засгийн газрын санхүүжилтээр зохион байгуулагдаж буй Япон улсын хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүйн зохицуулалтын талаарх туршлага хуваалцах зорилготой билээ. Миний бие ЯОУХС-ийн ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсоны дараах анхны албан ёсны гадаад арга хэмжээг МҮЭ-ийн холбоотой хамтран хэрэгжүүлж байгаад таатай байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү хөтөлбөр нь хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулагдаж буй. Гэсэн хэдий ч МҮЭ-ийн холбооны манлайлагчид идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Харин МҮЭ-ийн холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Г.Адьяа хэлэхдээ “Уг хөтөлбөр нь 1992 оноос тасралтгүй зохион байгуулагдаж МҮЭ-ийн холбооны 100 гаруй манлайлагчдыг бэлтгээд байна. Энэ хугацаанд бэлтгэгдсэн оролцогч нарын МҮЭ-ийн холбоонд оруулсан хувь нэмэр их байдаг. Цар тахлын үед Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэх нь энэ цаг үед бидний тулгамдсан асуудал болж байна. Энэ хүрээнд Японы хөдөлмөр удирдлагын харилцаа, нийгмийн түншлэл, Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны туршлагаас суралцах боломж олдож буйд бид талархалтай байна. 2022 онд ЯОУХС болон МҮЭ-ийн холбооны хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байна. Иймд үйл ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт илтгэлтэй байна” гэв.
Энэ жилийн "Урилгын хөтөлбөр"-ийн элсэлт 12 дугаар сарын 6-10-ны хооронд үргэлжлэх юм.