2021.07.08

Г.Дамдинням: Сайдаа Дарханы зам хэзээ хүртэл гацах вэ?

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Зам тээврийн сайд Л. Халтарт ДАРХАНЫ ЗАМ-аар маш тодорхой 5 АСУУЛТ илгээсэн. Удаан хүлээлгэсэн ч ахиад л бултаж булзааруулсан, бүрэн дүүрэн бус хариултууд иржээ " хэмээн өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ.

Тэрээр:

Дахин лавлах, тодруулах зүйлс их байна. Асуудалд ингэж хандмааргүй байна, сайдаа?  Гол асуулт Дарханы замыг таг гацаасан 2,4-р багцын “Чайна стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” гэх компани. Гэрээг нь цуцалсан ч зөвлөх багийн гаргасан дүгнэлт, хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй одоо хүртэл Монгол Улсыг хохироосоор байгаа энэ компанийг хэн, хэзээ, хэрхэн тендерт шалгаруулсныг шалгуулах ёстой. Энэ бол Монгол Улсын буцааж төлөх нөхцөлтэй ЗЭЭЛЭЭР санхүүжигдэж буй төсөл. Гэтэл Сингапурын арбитрт өгч болно, гэхдээ хугацаа алдана гэсэн хачин хариулт өгсөн байх юм.

  • Хамгийн сонирхолтой нь Монголын талаас хянах боломжгүй гэх хариулт. Гэрээгээр бол Монголын талаас хянан шалгах бүрэн боломжтой. Энэ эрхээ хэрэгжүүлэхээсээ яагаад бултаж, зугтаад байна вэ?!
  • Дараагийн асуулт шинэ гүйцэтгэгчийн тухай. Өмнөх хариуцлагагүй ганц компаниас болоод ажлаа эхлүүлж чадахгүй байгаагийн хариуцлагыг яг хэн хүлээх ёстой вэ? Шинэ тендерт шалгарсан компанийн ажил яг хэзээ эхлэх вэ?
  • Түр замын эвдрэлээс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон олон иргэд замын арчлалт засвар, хохирлыг барагдуулах талаар маш их асуудаг. Гэтэл энэ асуултад маань илтэд мушгин гуйвуулсан хариу өгчээ. Замд хохирсон иргэдийн асуултад туслан гүйцэтгэгчдийн төлбөр тооцооны тухай хариулсан байх юм 
  • Төрийн сайдын албан хариулт ийм дутуу дулимаг, мэдээлэл нягтлаагүй, тоо баримт зөрчилтэй байх нь зөв үү?
  • Салбарын сайд Та ийм хариуцлагагүй байхад Дарханы зам, Замын-Үүдийн нөхцөл ямар байх нь ойлгомжтой байна.

ДАХИАД АСУУЯ ?
“Чайна стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” гэх хариуцлагагүй компаниас болоод ДАРХАНЫ ЗАМ яг хэдий хүртэл гацах вэ, хэн, хэрхэн энэ тендерийг тэр компанид өгсөн бэ?
Тодорхой хариу өгтөл АСУУЛТ-ыг ахин дахин явуулах болно.

хэмээн бичжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn