Дарханчууд 2000 га талбайд хүнсний ногоо тариалахаар бэлтгэж байна
2025.04.29

Дарханчууд 2000 га талбайд хүнсний ногоо тариалахаар бэлтгэж байна

Сангийн сайд Б.Жавхлан 4-р сарын 27-ны өдөр Төвийн бүсийн Дархан-Уул аймгийн газар тариалан, хүнсний ногоо тариалагч иргэдтэй уулзаж хөдөө аж ахуйн салбарын улсын төсвийн санхүүжилт, татвар, дэмжлэгийн асуудлаар мэдээлэл өгч, тулгамдаж байгаа асуудлыг нь сонслоо.

Уулзалтад Атрын IV аяны хүрээнд хэрэгжиж буй хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг олгож буй зарим банкны удирдлагууд оролцож тариаланчдын сонирхсон асуултад хариулт өгч зээл олголтод тулгамдаж байгаа асуудлаа харилцан ярилцлаа.

Тариаланчид Атрын IV аяны хүрээнд олгогдож байгаа хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлтэй зээлийн

  • хугацаа хожимдож судлагдаж байгаа,
  • зарцуулалтын зориулалтад хязгаарлалт тавьсан нь хүндрэл үүсгэж байгаа,
  • орон нутагт хүрч ажилладаггүй банкуудад эх үүсвэр тэгшитгэн байршуулсан нь оновчгүй шийдэл болсон зэрэг асуудлууд тулгамдаж байгаа талаар ярьж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Энэ талаар салбарын сайдтай санал солилцож хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээл олголтыг эрчимжүүлэхээр цаашид ажиллана.
“Атрын IV” аяны хүрээнд 2025 онд 650 тэрбум төгрөгийн зээл олгохтой холбогдуулан ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 52.8 тэрбум төгрөг тусгасан. Мөн Хөдөө аж ахуйн урамшуулал энэ жил 2 дахин нэмэгдэж 78 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан талаар мэдээлэл өгч тариалалтаа ялангуяа улаанбуудайн тариалалтаа эрчимжүүлэхийг тариаланчдаас хүссэ" гэв.

2025 онд Дархан-Уул аймагт урьдчилсан байдлаар үр тарианы аж ахуй эрхлэгч 40 ААН, 64 иргэн 20 орчим мянган га-д үр тариа, 116 иргэн, ААН 295, 2 га талбайд төмс, 455 иргэн, ААН 2000 орчим га-д хүнсний ногоо тариалахаар бэлтгэл ажлаа хангаж байна .