УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.14\ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
"Хэдэн гишүүд Оюутолгойн асуудлаар асуулга тавилаа. Оюутолгойн асуудалд УИХ-аар байгуулагдсан 20 гишүүнтэй түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг сайн ажилласан гэж бодож байна. Эхний уулзалтаар Монголчуудыг дахин хуурч баялагийг дээрэм хийж чадахгүйгээ ойлгосон байх. Цар тахлаас үүдэн буцсан сураг бас байсан билээ.
Дубайн гэрээг цуцлах талаар хэвлэл мэдээлэл нэлээдгүй шуугисан, гэвч цуцлах биш харин 2,3 миллиард долларыг нэмж зээл авахаар орж ирсэн юм. Энэ нь Олон Улсын шүүх дээр зардлын өсөлтөөр ялагдан буруу ажилласанаа хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн Оюутолгой компани 2020 оны нэгдүгээр сараын 1-ны байдлаар 4,3 миллиард долларын алдагдалтай ажилласан юм. Гэтэл Оюутолгойн оффшор компани 3,4 миллиард долларын ашигтай ажилласан байна. Монгол Улс өрөнд орж оффшор компани мөнгө гуйвуулж гаргаснаар ашигтай ажилласан гэж харж байгаа юм.
Мөн Х.Нямбаатар сайдын хэлсэнчлэн гүний уурхайг 3 үе шаттай хийнэ. Эдгээр уурхайгаа үе шаттай болгосноор зардлаа өсгөх үйл яву явагдаж байгаа юм. Манай улсад дунджаар 300 тэрбум долларын татвар ордог бол үүнээс 5-6 дахин өр бичигдэж байна. Бид үүнийг яаралтай засах ёстой.
Бид тодорхой хэмжээнд Монгол Улсыг хохироосны төлөө маргаан үүсгэж эсэргүүцснээр эрх ашгийг хамгаалах юм. Тиймээс хэн ч харсан алдагдалтай ажиллаж байна, нийт гишүүдийн дийлэнх нь ойлгож засах шаардлагатай байгаа юм.