2021.05.14
С.Одонтуяа: Зэсийн баяжмалын агууламжийг тодорхойлох лаборатори байгаа юу?
УИХ-ын өнөөдрийн \2021.05.14\ чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Ерөнхий сайдад хандан “УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
"Оюу толгойн төсөл нь маш том төсөл билээ. Тиймээс Оюу толгойн төслийг сайжруулж явах ёстой гэсэн үндсэн дээр бид санал нийлж байгаа. Сайжруулахын тулд асуудлаа бид мэдэх ёстой юм.
Эрдэнэт, Оюу толгойг харьцуулсан судалгааны ажил хийсэн юм, үүнийгээ байнгын хорооны ажлын хэсэгт өгөх бодолтой байна. Түүнчлэн гэрээний заалт бүрээр судласан байгааг онцолж байна. Гол асуудал нь зээлийн санхүүжилт дээр байна гэж харж байгаа бөгөөд хамтарсан компанийн удирдах зохион байгуулалт ямар байх, хэрхэн бүтээн байгуулалт хийгдсэн талаарх төслүүдийг харьцуулж байна. Нийгэм эдийн засгийн хоёр өөр үед байсан ч гэрээний үндсэн заалтуудыг заавал авч харах ёстой гэж бодож байна.
Түүнчлэн Гүний уурхай цаашдаа хэдэн үе шаттай явах вэ? Хэрхэн ашиглах талаар мэдээлэл байхгүй байна. Жишээ нь 12,2 тэрбум зардал мэдэгдэхгүй гарч ирсэн байгаа юм. Үүнтэй холбогдуулан дахин зардал мэдэгдэхгүй асуудал үүсэх үү?
Зэсийн баяжмалын агууламжийг тодорхойлох лабортори байхгүй гэж бодож байна. Мөн лаборатори гэдэг зүйл ер нь байгаа юу? Эсвэл Австрали, Хятадын лабораторид тодорхойлуулдаг уу?
Баяжмалийн тодорхой агууламжийг мэдэхгүй учраас борлуулалт хэд болж буйг мэдэх боломж байхгүй байна. Мөн туузын 9 гишүүдэд санхүү гэрээний асуудалд оролцох эрх байхгүй байна. Цаашдаа уг асуудал дээр яаж анхаарч сайжруулах вэ?
Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.