Б.Жавхлан: Татварын асуудлаар “Оюу Толгой” ХХК-д онцгойлж тусад нь хандах боломжгүй
2021.05.03

Б.Жавхлан: Татварын асуудлаар “Оюу Толгой” ХХК-д онцгойлж тусад нь хандах боломжгүй

Монголын Засгийн газар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд /LCIA/  Оюутолгойн асуудлаар  өнгөрсөн баасан гарагт /2021.04.30/  хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан.  

Оюутолгой төсөлтэй холбоотой маргааныг шүүх арбитрын хурал 2022 оны наймдугаар сард болж, 2023 оны эхний хагаст шийдвэр гарах байх гэсэн хүлээлт Засгийн газарт байна.

Засгийн газар ийнхүү арбитрт сөрөг нэхэмжлэл гаргаснаас гадна талууд Улаанбаатар хотноо нүүр тулсан хэлэлцээгээр Далд уурхайн санхүүжилт болоод бусад асуудлуудаар ойлголцолд хүрэх үү гэдэг нь анхаарал татаж буй.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Оюутолгойн хувьд бид юуны өмнө татвараа бүрэн төлөх шаардлагыг нэн тэргүүнд тавьж байна. Татвар тогтоох эрх нь аль ч тусгаар улсын дотоодын бүрэн эрхийн асуудал байдаг. Иймд татварыг бүрэн төлдөг байх, Монгол Улсын татварын хууль тогтоомжийг дагаж мөрддөг, хүндэтгэлтэй ханддаг байх, татвараас зайлсхийх, зугтаах аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй байх нь цаашдын яриа хэлцлийн үндсэн шаардлага байх учиртай. Татварын асуудлаар бол аливаа хэлцэл хийх боломжгүй, зөвхөн УИХ-аас баталсан хуулийн хүрээнд нэг мөр зохицуулагддаг байх шаардлагатай. “Оюу Толгой” ХХК бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон мянган аж ахуйн нэгжийн нэг. Бид татварын асуудлаар тус компанид онцгойлж тусад нь хандах боломжгүй. Төслийн үр ашгийн хувьд харилцан үр ашигтай байх, Монголын тал дийлэнх үр өгөөжийг хүртдэг байх үндсэн зарчим хэрэгжих шаардлагатай бөгөөд УИХ-аас өгөгдсөн үүрэг чиглэлийн хүрээнд Засгийн газраас яриа хэлцлийг хийх болно” гэв.