2021.03.17
Зураг төслөө дутуу зурсан компанийн эсрэг гомдол гаргана
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Гэвч тус барилгын зураг төслийг гүйцэтгэгч эмнэлгийн өргөтгөлийн зургийг дутуу зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болж, ашиглалтад орох боломжгүйд хүрээд байна. Зураг төслийг хийсэн “Карказ зураг” ХХК эмнэлгийн байгууламжийг гал тогоогүй, тусгай зориулалтаар тоноглосон мэс заслын өрөөнүүдийг зурагт тусгаагүй, нийтийн эзэмшлийн талбай бүхий өрөөнүүдийг таазны шийдэлгүй зуржээ.
Барилгын явц 80 гаруй хувьтай байгаа хэдий ч зураг төслийн энэ алдаанаас үүдэн ашиглалтад орох боломжгүй болж, он дамжаад байнЭнэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Э.Ниндэв нар ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зураг төсөл хийх тендерт “Карказ зураг” ХХК 7.9 тэрбум төгрөгийн санал өгч, шалгарсан. Өнгөрсөн хугацаанд санхүүжилтээ гүйцэд төсвөөс авсан атлаа таазгүй барилгын зураг зурсан асуудлыг ойлгох боломжгүй.
Тиймээс энэ компанийн эсрэг гомдол гаргана. Компанийн зүгээс хариу тайлбараа бэлтгээрэй. Төрийн байгууллагуудын зүгээс барилгын өргөтгөлтэй холбоотой саатсан асуудал байвал түргэвчлэх арга хэмжээ авна. Цаашид нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээний ачааллыг хуваалцдаг томоохон эмнэлгүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад богино хугацаанд оруулахад анхаарч ажиллана” гэлээ.
Харин зураг төслийг гүйцэтгэгч “Карказ зураг” ХХК-ийн зүгээс “Уг эмнэлгийн өргөтгөл орчин үеийн стандартын дагуу тоноглогдох цогцолбор барилга тул биднээс нарийн зураг зуруулахгүй гэж зургийн даалгавар өгсөн. Тэр дагуу ажлаа гүйцэтгэсэн” гэсэн тайлбарыг өгч байлаа.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 1993 оноос зочид буудлын зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ашиглалтад орсон цагаасаа төсвийн хөрөнгөөр нэгдсэн их засвар хийж байгаагүй. Тиймээс барилгын үндсэн хийц муудаж, цахилгаан, дулааны шугамууд ч ачааллаа дийлэхээ больжээ. Энэ талаар тус Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “Эмнэлэг маань 30 орчим жил зориулалтын бус буюу зочид буудлын зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж ирсэн.
Үүний зэрэгцээ өнөөдрийг хүртэл нэгдсэн засвар хийгдэж байгаагүй тул эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэлтэй байна. Мөн эмнэлэг маань харьцангуй ачаалал өндөр буюу өдөрт 900 орчим хүнд үйлчилдэг. Тиймээс зайлшгүй өргөтгөлийн барилга шаардлагатай байна. Өргөтгөлөө богино хугацаанд ашиглалтад оруулж чадвал эрүүл мэндийн байгууллага онцгой ачаалалтай байгаа энэ үед эмнэлгийн үйлчилгээний, чанар хүртээмжид шууд нөлөөлнө. Эмч, ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч өргөтгөлийн байрыг богино хугацаанд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.