2020.10.13
Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо
НЭМГ-ын харьяа Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга өчигдөр ашиглалтад орлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Туул тосгоны захирагч А.Одбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон байна.
Нийслэл хотоос 30 гаруй км алслагдсан зайтай буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах тус Эрүүл мэндийн төв нь Туул тосгоны 5000-7000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг аж.
Тус төвийн хуучин барилга стандартын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос эхлэн эмнэлгийн зориулалт бүхий шинэ барилгын ажлыг эхлүүлж, өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна.
Нийт дөрвөн давхар барилга бүхий тус эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 35 ортой бөгөөд тосгоны харьяа оршин суугчдаас гадна Био комбинат, Өлзийт хорооллын иргэдэд эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.
Тиймээс цаашид рентген аппарат болон лабораторийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, ард иргэдийг зөвхөн дүүргийн эмнэлэгт бус тухайн тосгоны эмнэлэгтээ оношилгоо, шинжилгээ хийлгэх боломжтой бүрдүүлж байна.