Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг энэ сарын 15-нд хүлээж авна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Яармагт барьж буй 300 ортой барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 ам дөрвөлжин метр, 2.4 га талбай бүхий уг эмнэлгийн барилгын ажлын явц 98 хувьтай байна гэдгийг “Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр танилцуулав. Тус компанийнхан эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “10 жил гацсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг хоёрхон жилийн хугацаанд барьж дуусгалаа. Гүйцэтгэгч компанийн хамт олонд талархаж байна. Сүүлийн 30 жилд анх удаа ийм том талбайтай 880 өрөө бүхий 1500 ор дэлгэх боломжтой эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж байгаа нь энэ юм” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэхүү төвийн барилгыг төлөвлөсний дагуу энэ сарын 15-нд ашиглалтад хүлээж авахад бэлэн болж байна. Хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг бүрдүүлсэн 300 ортой, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан эмнэлэг юм. Мөн эмнэлгийн гаднах зам талбайн тохижилт, орц, гарцны асуудлыг нийслэлээс хөрөнгө мөнгийн гаргаж шийдвэрлэнэ” гэлээ.