Путин яагаад ирээгүй вэ? Обамад гомдсон уу?
2012.05.21

Путин яагаад ирээгүй вэ? Обамад гомдсон уу?

Дэлхийн улстөр, эдийн засгийн гол шийдвэрүүдэд нөлөөлөгч “G 8” буюу “Их найм”-ын уулзалт АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарын зочдоо урих дуртай байсаар ирсэн Кэмп Дэвидийн эдлэнд болж өнгөрлөө.


Албан ёсны нухацтай яриа хэлэлцээнээс гадна “Их найм”-ын төрийн болон засгийн газрын тэргүүн нарын уулзалттай өөр бусад сонирхолтой мэдээллүүд ч багагүй гарч шуугиан дэгдээгээд байна. Тэдгээрийн нэг нь энэ удаагийн “Их найм”-ын уулзалтад Оросын шинэ ерөнхийлөгч В.Путин яагаад ирсэнгүй вэ гэдэг асуултын хариу. Хэдийгээр Оросын ерөнхийлөгч энэ талаар тайлбар хэлэхдээ Оросын шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой ажил тулаад байгаагаас болж очихоо хойшлуулахад хүрлээ гэж  байгаа ч өрнөдийн хэвлэлийнхэн үүнийг аргацаасан тайлбар гэж үзсэн байна. Харин үнэн хэрэгтээ Путины Кэмп Дэвидэд ирэхгүй байх хэд хэдэн шалтгаан бий гэж ялангуяа америкийн хэвлэлүүд шуугиан дүүрэн таамаглал дэвшүүлжээ.

 

Эхний шалтгаан нь Оросын ерөнхийлөгч Европт пуужингийн довтолгоог эсэргүүцэх систем байгуулах зэрэг асуудлаар Барак Обаматай санал нийлэхгүй байгаагаас болж уулзах гэж яарахгүй байгаа гэжээ. Мөн зарим нэг сонирхолтой шалтгааны талаар дурдсаны дотор Оросын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обамад гомдсон байж болзошгүй гэсэн таамаг байна. Ерөнхийлөгч Барак Обама В.Путиныг ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэх мэдээлэл гарснаас хойш хэд хонож байж түүнд баяр хүргэсэн атлаа Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Франсуа Олландед тэр даруйд нь утасдаж баяр хүргэсэн гэнэ. Энэ нь В.Путины ялалтад сэжигтэй хандаж, ялгаварлан үзсэн гэх хардлагад хүргэсэн байж болзошгүй талаар америкийн хэвлэлүүд бичжээ. Гэхдээ энэ цуу яриа, элдэв шуугиан нь Кэмп Дэвидэд хүрэлцэн ирсэн ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Медведевийг “Их найм”-ынхантай найрсаг ярилцаж, цагийг  таатай өнгөрөөхөд нь саад болсонгүй. Тэр ч бүү хэл энэ бүх хэл ам “Их найм”-ын тэргүүн нар Кэмп Дэвидийн уулзалтын үеэр болсон Европын аварга багуудын цомын төлөөх финалын тоглолтыг хамтдаа үзэж, Ангела Меркель болон Кэмерон нарын багийг хуваагдан дэмжихээс татгалзуулж чадаагүй гэнэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.