Осамаг устгасны ойг Барак Обама Афганистанд тэмдэглэв
- Барак Обама, Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай нар хоёр орны стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан талаар «CNN» мэдээлэв.
- Гарын үсэг зурсны дараа Обама «Афганистан улс НАТО-д гишүүнчлэлгүй ч Цагаан ордон түүнийг өөрийн ойрын холбоотон гэж үзэх болно.
- Тоймчид «Энэ гэрээ АНУ-д давхар ашигтай. Америк 3000 цэргээ алдаж, татвар төлөгчдийн 1,3 триллион долларыг Афганистанд үрсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама урьдчилан зарлалгүй, гэнэтхэн Афганистанд айлчиллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама урьдчилан зарлалгүй, гэнэтхэн Афганистанд айлчиллаа. «The Kansas City Star»-д бичсэнээр Барак Обама аюулгүй байдлаа хангахын тулд Афганистанд шөнө иржээ. Сонирхолтой нь энэхүү айлчлал нь дэлхийн цуутай алан хядагч асан Осама бин Ладенг устгасны нэг жилийн ойтой давхацсан байна.
Барак Обама, Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай нар хоёр орны стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан талаар «CNN» мэдээлэв. Тус баримт бичигт НАТО-гийн гол хүч 2014 онд Афганистаныг орхин гарсны дараа Америкийн цэргийн анги нэгтгэл байрлах нөхцөл болзлыг тусгажээ. Одоо энд 88 мянга гаруй америк цэрэг байгаа бол 2014 оноос хойш 20 мянга гаруй нь үлдэнэ. АНУ өмнө нь Афганы армид жил бүр дөрвөн тэрбум доллар өгөхөө зарласан билээ.
Гарын үсэг зурсны дараа Обама «Афганистан улс НАТО-д гишүүнчлэлгүй ч Цагаан ордон түүнийг өөрийн ойрын холбоотон гэж үзэх болно. Бид цаашид ч Афганы эрх баригчдад тусална. Дайны зардал хоёр орны аль алинд асар их байна. Ирээдүйд энх тайван ирнэ гэж найдаж байна» хэмээн мэдэгдэв.
«Би-би-си» агентлагийн сурвалжлагч Пол Адамс «Түүний энэ мэдэгдэл нь америкчууд явсны дараа ч засгийн эрхийг авна гэж найдалтгүй болохыг Талибан хөдөлгөөнд санууллаа» хэмээн бичжээ.
Тоймчид «Энэ гэрээ АНУ-д давхар ашигтай. Америк 3000 цэргээ алдаж, татвар төлөгчдийн 1,3 триллион долларыг Афганистанд үрсэн. Харин гэрээний ачаар Вашингтон бүс нутагт байр сууриа хадгалж үлдэх ба алан хядагчдын эсрэг тэмцэх нэрийдлээр цэргийн нэмэлт анги нэгтгэлийг татаж болно» хэмээн сэрэмжлүүлэв. Гурав дахь удаагаа Афганистанд айлчилж байгаа Обама Баграм дахь нисэх баазад зочилж, америк цэргүүдийн өмнө үг хэлжээ. Мөн тэрбээр Америкийн иргэдэд хандан теле мэдэгдэл хийсэн аж.
«Франс Пресс» агентлаг Ерөнхийлөгч Обамаг ниссэний дараахан Афганистаны нийслэл Кабулд цуврал дэлбэрэлт болсон талаар мэдээллээ. Амиа золиослогч машин барьж яваад АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо дэлбэрсэн байна.