2012.05.16

Б.Обама ОХУ-д зочлохоос татгалзав

- Б.Обама В.Путинд хариу барив -


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ны дээд хэмжээний уулзалтад оролцохгүйг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ. Цагаан ордны тэргүүнийг ОХУ-д очихоос татгалзахад шинэхэн Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдэл нөлөөлсөн бололтой.

В.Путин энэ сарын 18, 19-нд Б.Обамагийн өөр нэг өргөө “Кэмп дэвид”-д болох “Их найм”-ын уулзалтад оролцохоос татгалзсан юм. Уг уулзалтыг Б.Обама зохион байгуулж байгаа бол Владивостокийн уулзалтыг В.Путин зохион байгуулна. В.Путин “Их найм”-ын уулзалтад өөрийнхөө оронд Ерөнхий сайд Дмитрий Медведевийг илгээхээ албан ёсоор мэдэгдсэн. Түүний адил Б.Обама ч “АПЕК”-ийн уулзалтад өөрийнхөө оронд нөлөө бүхий хэн нэгнийг илгээнэ. Гэхдээ АНУ-ыг төлөөлж оролцох хүний нэр хараахан тодроогүй байна. Дэд Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын нэр яригдаж байгаа ч хатагтай Клинтон оролцоно гэж ажиглагчид таамаглаж байна.

“Их найм”-ын уулзалтад аж үйлдвэржсэн, эдийн засгаараа тэргүүлэгч найман орны төр, засгийн тэргүүн нар эдийн засгийн асуудлаар хэлэлцэнэ. Владивостокт есдүгээр сарын 2-9-нд болох уулзалтаар ч мөн “АПЕК”-ийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд эдийн засгийн асуудал хэлэлцэх юм. Хэдийгээр В.Путин “Их найм”-ын уулзалтад оролцохоо нэг бус удаа илэрхийлсэн ч саяхан Б.Обаматай утсаар ярихдаа шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотой асуудал ундран гарч ирсний улмаас уулзалтад оролцож амжихгүй нь гэсэн билээ. Дараахан нь түүний төлөөлөгч Дмитрий Песков “В.Путин завгүй байгаа учраас одоогоор гадаад айлчлалын тов гаргаагүй байгаа” гэж мэдэгдсэн юм. Үүнээс хэдхэн хоногийн дараа Б.Обама Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан арваннэгдүгээр сарын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдэх сонгуультай холбоотой олон асуудал байна.

Тиймээс “АПЕК”-ийн уулзалтад оролцож амжихгүй гэжээ. Түүнчлэн Цагаан ордны төлөөлөгчид “Б.Обама ирэх саруудад завгүй байх учраас ямар нэгэн гадаад айлчлалын тов гаргаагүй” гэв. “Их найм”-ын уулзалтыг өнжиж, АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах боломжгүй болсон В.Путин “Ирэх зургадугаар сарын 18,19-нд Мексикт болох “Их 20”-ын уулзалтад оролцоно, тэгэхдээ уулзъя” гэж Б.Обамад хэлжээ. Гэхдээ Оросын хэвлэлүүдэд бичсэнээр В.Путин эл уулзалтад оролцох эсэх нь одоо ч эргэлзээтэй байна.

Тэгвэл Цагаан ордны төлөөлөгч Б.Обама завгүй болж байгаагаас Мексикийн уулзалтад өнжиж болзошгүйг дуулгажээ. Тэрбээр, Цагаан ордны тэргүүнийг “Их 20”-ын уулзалтад оролцоно ч гэсэнгүй, оролцохгүй ч гэсэнгүй.
В.Путины адил эргэлзээтэй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон В.Путин Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баячуудад илүү татвар ногдуулж, тэндээс гарсан хөрөнгөөр дундаж төвшний амьдралтай иргэдийг дэмжих төлөвлөгөө боловсруулсан нь хүн амын дийлэнхийг эзэлдэг дундчуудад ихээхэн таалагдаж, тэднээс дэмжлэг авсан гэж барууны хэвлэлүүдэд бичжээ.

Б.Обама ч үүний адил ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд баячуудад өндөр татвар оногдуулах төлөвлөгөөтэй оролцохоор боллоо. Үүнийг ОХУ-ын хэвлэлүүд “Б.Обама В.Путиныг дуурайлаа” гэж бичиж байсан бөгөөд магадгүй В.Путины үйлдлүүдийг Б.Обама ч гэсэн дуурайж байгаа юм болов уу.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.