Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2021.01.27/ хуралдлаа. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хийв.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн болохыг танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, П.Анужин нар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Тухайлбал, Б.Дэлгэрсайхан гишүүн хуулийн төслийн 18.1.5-д “Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон төлөвлөх боломжгүй орлогыг төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлогод тооцох...” гэж зааснаар Батлах хамгаалах салбарын орлого буурна.