2020.05.14

Ж.Энхбаяр:Тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хууль эрх зүйн орчинг бүрэн шинэчиллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.14\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтыг үндэслэн  Зэвсэгт хүчний тухай хуулийг өөрчиллөө. 

Энэ хуулийн өөрчлөлтөөр Зэвсэгт хүчинд Монгол улсын кибер орон зайг хамгаалах үүрэг хариуцлагыг ногдуулж байна. Мөн зэвсэгт хүчинд тусгай чиг үүрэг бүхий тусгай хүчнийг бэлтгэж улс орныг батлан хамгаалах үүрэг болгож байна. 

Энэ их хурал 4 жилийн хугацаанд зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгуулалтай холбоотой тангараг өргөсөн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хууль эрх зүйн орчинг үндсэнд нь бүрэн шинэчилж баталж гаргалаа. Тусгай чиг үүрэг бүхий нийт байгууллагуудын ажилчдын нэрийн өмнөөс энэ удаагийн их хурлын гишүүд нийт бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.