Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
2020.04.23

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа. 

Хуулийн төслийн талаарх танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг үдээс өмнөх хуралдаанд танилцуулсан бөгөөд  гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар бүтээн байгуулалтын ажилд оролцох барилга, инженерийн цэргийг хэрхэн бэлтгэх, бусад орны туршлага ямар байдаг, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй цэргүүд хэдэн төгрөгийн цалин авах, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй цэргүүд 2-3 жилээр алба хаах бололцоо бий эсэхийг тодруулсан.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штаб бүтээн байгуулалтыг дэмжих нэгж гарган ажиллаж, томоохон бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг оролцуулахаар сургалт явуулан, мэргэшсэн ажилтан бэлтгээд явж байгааг хариултынхаа эхэнд дурдсан. Бусад улс орнуудад, тухайлбал АНУ, манай хойд, урд хөршид мэргэшсэн цэргийн албан хаагчид барилгын, инженерийн мэргэжлийн томоохон бүтээн байгуулалтад том хувь нэмэр оруулж явааг сайд дурдаад, манай улсын хувьд сүүлийн хоёр жилд хүнээ мэргэшүүлж бэлтгэхэд ихээхэн ахиц гарсныг онцолсон. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд дайчлагдан ажиллах хүмүүсийг бэлтгээд байгаа гэлээ.

Сангийн болон Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар бүтээн байгуулалтын ажилд оролцож буй цэргийн албан хаагчид өдөрт 70 хүртэл мянган төгрөгийн цалин авах эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд тухайн гүйцэтгэж буй ажлын нийт өртгөөс цэргүүдийн авах цалингийн хэмжээ шалтгаална хэмээлээ. Бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн хүмүүстэй гэрээ байгуулж, цалин хөлсийг тохирон оролцуулж байгаа аж. Тиймээс мэргэшсэн хүмүүс хийж буй ажлаасаа шалтгаалан өндөр цалин авах боломж бий гэж сайд хэллээ. Бүтээн байгуулалтад мэргэшлийн ахлагч нараас гадна хугацаат цэргийн албан хаагчдыг сурган ажиллуулж байгаа бөгөөд гэрээт цэргийн албан хаагч хугацаагаа сунгаад хэдэн жил ч ажиллаж болно гэсэн хариултыг өгсөн.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.