Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ
2020.04.22

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.22) хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжлэв. 

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан. 

Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болох төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагуудыг татан оролцуулж амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төсөл болон “Халх гол" сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414.6 километрийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хариуцан ажиллаж байгааг Батлан хамгаалахын сайд танилцуулгадаа онцоллоо. 

Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дээрх бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний харьцангуй бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах, орчин үед цахим кибер хандлага хурдтай өсөн нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг хуулиар бий болгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх, хэрэгцээ, шаардлага бий болсон гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Монгол Улсын Засгийн 2019 оны 187 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэд “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийг байгуулсан. Дээрх төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ЗХЖШ-ын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд батлан хамгаалах салбарын кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий бүтэц, зохион байгуулалтын нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг хуульчлах шаардлага тулгамдаж байна. Мөн 2019 оноос ЗХЖШ-т бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулсан бөгөөд ингэснээр цэргийн барилга, инженерийн анги, нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт эрс дээшилж бодитой үр дүнд хүрч байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж үйл ажиллагаа хуулиар баталгаажна гэдгийг Батлан хамгаалахын сайд танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ дэлхийн улс орнууд кибер орон зайг бие даасан талбар гэж үзээд кибер цэрэг, армийг бүрдүүлж бодлогын түвшинд анхаардаг болсныг онцолж байлаа. Монгол Улсын хувьд кибер орон зайгаа хамгаалах, эрх зүйн үндсийг бий болгох,  улс орны нийгэм, эдийн засгийн  бүх салбарыг кибер довтолгооноос хамгаалах, аюулгүй байдлыг сахихад бодлогын арга хэмжээ авах, цаашдаа  төрлийн цэргийн түвшинд авч үзэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлэв. Түүнчлэн улс орны эдийн засагт чухал үүрэгтэй барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, бие даасан төрлийн цэрэг болгох нь чухал гэж байлаа.

Ингээд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.