Манай хоёр хөрш цэргийн зардлаа нэмлээ
2012.04.21

Манай хоёр хөрш цэргийн зардлаа нэмлээ

  • ОХУ цэргийн зард­лаа огцом өсгөн, 2020 он гэхэд Зөвлөлтийн үеийн зэвсэг, техникээ 70 хувиар шинэчлэх гэнэ.
  • “АНУ-ын цэргийн зардал урьдынх шигээ Хятадынхаас тав дахин их. Харин Оросынх Хятадынхаас хоёр дахин бага” хэмээв.

Стокгольмын энхийн асуудлыг судлах олон улсын хүрээлэн /SIPRI/ дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардлын талаарх тайлангаа танилцууллаа.

АНУ цэргийн зардлаа 1,2 хувиар бууруулж, 711 тэрбум доллар болгосон ч тэргүүлэх байр сууриа хадгалан үлджээ. Хоёрт орсон Хятад улс зэр зэвсэг, цэргийн техникийн худалдан авалтаа 6,7 хувиар өсгөж, 143 тэрбум долларт хүргэжээ. “SIPRI”-ийн мэдээгээр Бээжин 2002 оноос хойш цэргийн зардлаа 170 хувиар өсгөсөн байна. ОХУ-ын цэргийн зардал 72 тэрбум доллар болж, гуравт жагслаа. Ийнхүү оросууд батлан хамгаалахын зардлаараа Их Британи /62,7 тэрбум доллар/, Францыг /62,5 тэрбум доллар/ гүйцэн түрүүлжээ.

Манай хоёр хөрш зэвс­гээр хөөцөлдөж байгааг олон улсын шинжээчид тэмдэглэж байна. “Bloomberg Businessweek” сонины тоймч Мэлин Райзин “Дэлхийн санхүүгийн хямралын үр дагаврын нөлөөгөөр өнгөрсөн жил АНУ, Европын цэргийн зардал багассан бол ОХУ, Хятад хоёр эсрэгээр улам нэмсэн” хэмээжээ.

ОХУ цэргийн зард­лаа огцом өсгөн, 2020 он гэхэд Зөвлөлтийн үеийн зэвсэг, техникээ 70 хувиар шинэчлэх гэнэ. Кремлийн цэрэг, дайны зардал цаашид ч өсөх төлөвтэй. Хэдийгээр Москва, НАТО хоёр одоогоор ил тодоор зөрчилдөхгүй байгаа ч хэтийн ирээдүйд цэргийн энэ хоёр “машин” мөргөлдөхийг шинжээчид үгүйсгэхгүй байна.

Хятадын цэргийн зардал нь эдийн засгийн өсөлттэй харьцангуй өсч, 2001 оноос хойш Дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь орчимд хэлбэлзэж байна. Хятадын энэ байдал Энэтхэг, Вьетнам зэрэг хөрш орнуудыг ихэд түгшээх болсон тул тэд ч цэрэг, армийн зардлаа нэмж эхэллээ.

Харин Европын цэргийн зардал бараг хэвээр, 407 тэрбум доллар болжээ. АНУ-гаас гадна таван орон цэргийн зардлаа бууруулсан, тод­руулбал, Бразил, Франц, Гер­ман, Энэтхэг, Их Британи улсууд. Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын цэр­гийн зардал цаашид ч багасах төлөвтэй. Учир нь америкчууд Иракаас цэргээ гаргаж, Афганистан дахь цэргийнхээ тоог бууруулах гэж байгаа. Энэ жил Конгресс төсвийг хянах хуулиа батлах нь мөн нөлөөлнө. Гэхдээ л энэ салбарт АНУ тэр­гүүлсээр байна гэж “SIPRI”-ийн тоймч Перло-Фри­мэн тэмдэглээд, “АНУ-ын цэргийн зардал урьдынх шигээ Хятадынхаас тав дахин их. Харин Оросынх Хятадынхаас хоёр дахин бага” хэмээв.

Цэргийн зардал дэлхий даяар 11 жилийн турш тасралт­­гүй өссөний эцэст 2011 онд бараг нэмэгдэлгүй 0,3 хувийн түвшинд бай­сан нь улс ор­нууд төс­вийн зардлаа тана­сантай холбоотой аж. Дэлхий дахин 2011 онд зэвсэглэлээр хөөцөлдөхөд 1,7 триллион долларыг зарцуулжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.