Цөмийн хаягдал булшлахаар Монголоос гурван газар сонгосон байжээ
2012.03.14

Цөмийн хаягдал булшлахаар Монголоос гурван газар сонгосон байжээ

 
  • Япон улс Монголтой найрсаг дотно харилцаатай байдаг. Тийм ч учраас танай хэвлэлүүд Монголд нөлөөлж чадна байх" хэмээн надаас хүссэн билээ.
  • Усгүй газар цөмийн үйлдвэр барих боломжгүй гэж шинжээчид хэлдэг. Тийм ч учраас би Монголын цөмийн бодлогыг хариуцдаг албаны хүмүүсээс хэрхэн усгүй газар цөмийн үйлдвэр барих гэж байгааг нь олонтаа лавлан асуусан.
  • 2010 онд Ерөнхий сайд Наото Каны Засгийн газар цөмийн эрчим хүчний үйлдвэрээ экспортлоход онцгой анхаарал тавих тухай шинэ стратеги баталсан юм.

АНУ, Японы Засгийн газар Монголд цөмийн хог хаягдлаа булшлахаар нууцаар хэлэлцэж буй тухай мэдээлэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Японы "Майничи Дэйли" сонинд гарч шуугиан тарьж байсан билээ. Энэхүү мэдээллийг анхлан олон нийтэд хүргэж, энэ талаар эрэн сурвалжилсан цуврал нийтлэл сурвалжлага бэлтгэн мэдээлсэн "Майничи Дэйли" сонины сэтгүүлч Харуюки Айкава тэр тухайгаа богино тэмдэглэл болгон өчигдрийн дугаартаа нийтэлжээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна. Олон улсын цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай АНУ, Японы нууц төлөвлөгөөний талаар миний 2011 онд бичсэн Вохан Уедагийн нэрэмжит шагнал   хүртсэн   нийтлэлүүд радио идэвхит хог болохыг харуулсан. Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан ослын дараа илчлэгдсэн дээрх нууц төлөвлөгөө цөмийн эрчим хүч ашиглахыг дэмждэг болон эсэргүүцдэг хоёр талын дунд ихээхэн маргаан дэгдээсэн юм. Энэхүү төлөвлөгөөний талаар би хамгийн анх 2011 оны дөрөвдүгээр сарын 9-нд АНУ-ын нэгэн цөмийн шинжээчтэй утсаар ярилцаж байхдаа мэдсэн юм. Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрлэлийн яам болон АНУ-ын Энергийн яам Монголд цөмийн хаягдал булшлах тухай 2010 оны намраас хойш нууцаар хэлэлцэж байгаа тухай би түүнээс сонссон. Тэр шинжээч ярихдаа "Энэ тухай юу ч мэдэхгүй байгаа Монголын ард түмэнд та туслаач. Япон улс Монголтой найрсаг дотно харилцаатай байдаг. Тийм ч учраас танай хэвлэлүүд Монголд нөлөөлж чадна байх" хэмээн надаас хүссэн билээ.

 

Ингээд би удалгүй Улаанбаатар руу нисч, дөрөвдүгээр сарын 22-нд Монголын Гадаад хэргийн яамны цөмийн асуудал хариуцсан Элчин сайд А.Ундраатай нэгэн кафены тусгай өрөөнд уулзав. Би түүнд дээрх төлөвлөгөөний талаар хамгийн гол асуултаа тавихаас өмнө орчуулагчаа өрөөнөөсгарахыг хүссэн юм. Би өөрөө ч дуу

Сэтгүүлч Харуюуки Айкава

хураагчаа зогсоож, бидний яриа өмнөхөөсөө арай өөр болж ирэв. Тэр бүсгүй асуултад минь англиар хариулж, цөмийн хаягдлын талаарх хэлэлцээрийн зорилго, үйл явц, түүгээр ч зогсохгүй хаана хаягдал булшлахаар ярилцаж буйгаа хэлсэн. Монгол улс газар нутаг дээрээ цөмийн хаягдал булшлах агуулах барьсны төлөө АНУ, Японоос цөмийн эрчим хүчний технологи авах аж. Хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын дараа тэрээр Австрали үүнтэй ижил төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зэхэж буй тухай сонссоноо хэлж, энэ өрсөлдөөнд Монголын Засгийн газар Австралийг ялах хүсэлтэй байгаа тул хэрэв энэ талаар мэдээлэл байвал бидэнд өгч туслаач гэж надаас хүсэв. Үүний дараа би Монголын Засгийн газрын цөмийн цахилгаан станц барихаар нэр дэвшүүлээд буй гурван ч өөр газарт очиж үзсэн. Гэвч миний очиж үзсэн гурван газар, тэр дундаа Улаанбаатараас 200 орчим километр зайтай хуучин нисэх хүчний бааз байсан газар гээд бүгд хуурай газар байсан юм. Эдгээр газарт цөмийн реакторуудыг хөргөх усны ямар ч эх үүсвэр байхгүй байсан бөгөөд нэг газрынх нь ойролцоо нуур байсан ч өдгөө хатаж ширгээд дуусчээ.

 

Усгүй газар цөмийн үйлдвэр барих боломжгүй гэж шинжээчид хэлдэг. Тийм ч учраас би Монголын цөмийн бодлогыг хариуцдаг албаны хүмүүсээс хэрхэн усгүй газар цөмийн үйлдвэр барих гэж байгааг нь олонтаа лавлан асуусан. Гэвч тэд зөвхөн "Энэ бол Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тогтоосон цөмийн үйлдвэр барих аюулгүйн стандартад нийцсэн газар" гэж хариулсан юм. Манай Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн яамны Монголын талаар нэлээд мэдлэгтэй нэгэн түшмэл хэлэхдээ Монголчууд ухаантай хүмүүс. Гэхдээ цөмийн эрчим хүчний талаархи тэдний мэдлэг сайнгүй" гэж байсан юм.

 

Өөрөөр хэлбэл, АНУ, Япон хоёр  цөмийн эрчим хүчний талаар маш бага мэдлэгтэй оронд цөмийн хаягдал булшлах агуулахаа барих санал тавьсан гэсэн үг. 2010 онд Ерөнхий сайд Наото Каны Засгийн газар цөмийн эрчим хүчний үйлдвэрээ экспортлоход онцгой анхаарал тавих тухай шинэ стратеги баталсан юм. Японд хэрэглэсэн цөмийн түлшийг хүлээн авахыг зөвшөөрөх  нэг ч үйлдвэр байхгүй бөгөөд үүгээрээ Орос, Франц зэрэг бусад өрсөлдөгч орноосоо дутагдалтай юм. Тийм ч учраас энэ дутагдлаа нөхөхөөр Япон улс Монголд хаягдал булшлах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм хэмээн Японы албаны хүн хэлж  байсан удаатай. АНУ-ын хувьд ч цөмийн ашигласан түлшийг нь хүлээн авах орон хайж байсан юм. Тиймээс энэ хоёр улсын нууц төлөвлөгөөний учир шалтгааныг ойлгож болох. Гэвч уранаа дөнгөж олборлох эхэлж буй, цөмийн эрчим хүчний ашиг шимийг хүртэж ч үзээгүй Монголд хүн ардад нь мэдэгдэхгүйгээр радио идэвхт хаягдал булшлах ямар шалтгаан байгааг би ойлгохгүй байна. Монголд байхдаа би тэндэхийн олон зуун хүн Японы гамшигт нэрвэгдэгсдэд өдрийн цалинтайгаа тэнцэх       мөнгө хандивлан илгээж буйг харсан. Тэр ч бүү хэл Мияаги аймгийн гамшгаас дүрвэгсдийг Монголд ирэхийг урьж байсныг ч мэднэ. Тийм ч учраас би монгол хүний энэ сайхан сэтгэлийг хараад нулимс унагахад орчуулагч маань намайг "Хэтэрхий их уйллаа" хэмээн шоолж билээ. Дээрх нууц хэлэлцээрийн талаар олж мэдсэнээсээ хойш би ийм мэдээлэлтэй болсондоо баярлах биш харин ч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зүтгэж буй Япон улсын иргэн болсондоо ичиж гэмших сэтгэгдэл төрөх болсон. Энэ нууц төлөвлөгөөний талаар Майничигийн сөхсөн мэдээллийн мөрөөр Монголд энэ төлөвлөгөөг зогсоохыг шаардаж, үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардсан хөдөлгөөн өрнөсөн. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн ч үр дүнгээ өгч өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс Монгол улс хэзээ ч газар нутаг дээрээ цөмийн хог хаягдал булшлахгүй гэдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарласан юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Юкия Амано "Радио идэвхт бодис үйлдвэрлэж буй орон нь өөрөө түүнийхээ хог хаягдлыг хэрхэхээ шийдэх ёстой. Өөр хэн нэгэн тэдний өмнөөс хариуцлага үүрнэ гэж хүлээх нь шударга бус" хэмээн мэдэгддэг. Гэвч хүн төрөлхтөн одоо хүртэл цөмийн хаягдлаа хэрхэх талаар зохистой шийдэл олж чадаагүй л байгаа билээ.

Нийтлэлч
Б.Сэвжидмаа
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.