2021.01.13

С.Бямбацогт: Өргөн бариагүй, хэлэлцэгдээгүй асуудлуудыг хэлэлцэх нь дэг зөрчих үү?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,01,13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Зөрчлийн тухай хууль дээр шинэчилсэн найруулга оруулъя. Шууд торгодог биш зөвлөж, сануулъя гэж ярьж байгаа. Хөдөлмөрийн хуультай холбоотой наана нь өөрчлөх шаардлага байна уу?

Ц.Мөнх-Оргил гишүүн Эрүүгийн хууль, Иргэний хуулийн өөрчлөлтийн талаар ярлаа. Энэ асуудал Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн хуульд байгаа юу? Хэрвээ байхгүй бол өргөн мэдүүлэх нь зөв үү? Дэгийн хуулийг зөрчиж байна уу? Үгүй юу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Засгийн газраас Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар бүх яамнаас санал аваад дууссан. Их хурлын даргаас цаг авч, Их хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж ажиллаж байна.

Шинэчлэн найруулгын гол үндэс нь шууд торгож шийтгэхээс зайлсхийж, төр шалган тусалдаг байя. Эхний ээлжид шалгаж, албан шаардлага хүргүүлж зөрчлийг нь барагдуулъя. Хүний амь нас эрүүл мэндэд хохирол уяруулсан тохиолдолд торгоно гэсэн санал оруулж ирнэ.Иргэний харилцаа маш чухал.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Иргэний хуульд гарцаагүй өөрчлөлт хэрэгтэй байгаа. Хөдөлмөр эрхлэхэд ойлгомжгүй байдал үүсгээд байгаа. Дээд шүүхийн тайлбарыг хуульчлах хэрэгтэй. Бэлгийн дарамтыг эрүүгийн болон зөрчлийн хууль зөрчсөн гэж ялгаж, салгаж байгаа. Хөдөлмөрийн хуулийг дагасан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа өөрчлөлт бол торгохоос өөр арга байхгүй заалт орж ирсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn