2021.01.06

Ж.Ганбаатар: Хөгжингүй улсын хэмжээнд хөдөлмөрийн хуулийг шинэчилж байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.06/ хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хуулийн заалтын 72-р зүйлийн үл өрсөлдөх үүрэг гэдэг нь шинэ орж байгаа заалт юм байна. Ямар улсаас энэ санааг авсан юм бэ? Өөр улсуудад ямаршуу байдлаар энэ зүйл заалт хэрэгждэг юм бол?

Манай улс хөгжиж байгаа улс гэдгийг байнгын хорооны гишүүд анхаараарай. Хөгжиж байгаа улс бол ажил олгогчийг Засгийн газар хөхүүлэн дэмждэг үүрэгтэй байдаг. Ажил олгогч гэдэг талаас нь та бүхэн хууль дээрээ сайн хараарай. Ажлын цаг, хөлс дээр амьдралаас нь ургаж байгаагүй зүйл байсан. 

Хөгжингүй улсын хэмжээнд манай хууль хуульчлагдаж байгаа юм байна гэж харлаа. Ажиглагчдын эрх ашгийг нэлээн сайн хамгаалж байгаа юм байна. Гэхдээ хүн бүхэн ажилчин болчихвол хэн ажил олгогч болохыг санах хэрэгтэй. Ажил олгогчийг бүх улсад дэмжиж, хамгаалдаг. Та 10 ажилтантай байвал 20 болгоод өгөөчээ гэж гуйдаг. 20 байгаа бол 100 болгож өгөөч гэж хүсдэг. Ажил олгогч бүхэн хүнийг мөлждөг, бүх юмыг нь авдаг гэсэн байдлаар хандвал буцна шүү. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Үл өрсөлдөх үүрэг, зардлаас суралцах ажилтны үүрэг, нууц хадгалах ажилтны үүрэг гээд бүхэлдээ ажил олгогчийг хамгаалж, дэмжсэн зохицуулалтууд юм. Үл өрсөлдөх үүрэг гэдэг нь ажилтанд үүрэг ноогдуулж байгаа юм. 

Би хоёр жил гаруй энэ ажлыг хийхдээ 20 улсын хөдөлмөрийн хуулийг цаг хугацаанд нь тааруулж аваад, заалт бүр дээр нь манай хуультай таарч байна уу гэдгийг тулгаж хараад байгаа. Улс бүрийн хөдөлмөрийн хуульд үл өрсөлдөх нөхцөл байгаа юм. Зарим газарт нь хоёр жил, гурван жил, заримд нь төлбөртэй төлбөргүй янз бүр байна. Гэхдээ хүн бүрийг хамруулаагүй байгаа юм. Ажилтан бүртэй үл өрсөлдөх гэрээг байгуулчихвал хөдөлмөрлөх эрхийг боомилчихож байгаа юм. Гэхдээ тодорхой хэмжээнд өндөр ур чадвартай хүмүүст энэ заалтыг нэмж оруулж байгаа юм.