Хаан ширээнд 60 жил заларч буй хатан хаан
2012.02.07

Хаан ширээнд 60 жил заларч буй хатан хаан


  • Хатан хаан хоёрдугаар Елизавета хаан ширээнд заларсныхаа 60 жилийн ойг тэмдэглэж байгаа Британийн хоёр дахь хаан болж байгаа ажээ.
  • Түүхчид мөн хаан ширээнд залрах хугацаа нь дуусч байгаа энэ үед ч гэсэн хоёрдугаар Елизаветагийн нэр хүнд улам бүр өссөөр байгааг онцлон дурдсан байна.
  • Британийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд энэ жилийн турш болох Елизаветагийн «бриллиантан» ойн баяр ёслолын арга хэмжээнд оролцоно.

Өчигдөр британичууд хатан хаан хоёрдугаар Елизаветагийн хаан ширээнд заларсны бриллиантан ой буюу 60 жилийн ойг тэмдэглэлээ. Чухам 1952 оны хоёрдугаар сарын 6-нд Эдинбургийн гүнж Элизабет Александр Мэри Виндзор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хаан ширээнд заларчээ. Хэдийгээр энэ өдрөөс эхлэн хаан ширээнд заларсан хугацааг тооцдог боловч энэ өдөрт зориулсан албан ёсны арга хэмжээнүүдийн ихэнхийг уламжлал ёсоор зуны саруудад явуулдаг бөгөөд энэ жил баяр ёслолын арга хэмжээ зургадугаар сарын 2-ноос 5-ны хооронд явагдана.

1952 оны хоёрдугаар сарын 6-ны шөнийг Английн гүнж Елизавета Кенийн онгон байгальд анчны бяцхан овоохойд өнгөрүүлжээ. Харин өглөө нь тэрбээр сэрэхдээ Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета болсон байлаа. Елизавета эр нөхөр хунтайж Филиппийн хамт Британийн хамтын нийгэмлэгийн орнуудын ард түмэнд Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсанд нь талархаж буйгаа илэрхийлэхээр тэдгээр оронд айлчилж байжээ. Энэ аяллыг түүний эцэг зургадугаар Георг хаан хийх ёстой байсан боловч тэрбээр хүндээр өвчилсөн байлаа. Тэр өдрийн шөнө Их Британийн хаан уушгины хорт хавдрын улмаас 56 насандаа Сэндрингем ордондоо таалал төгсчээ. Гашуудалт мэдээг Елизавета дөнгөж үд дунд сонссон бөгөөд түүнийг авахаар Douglas гэдэг цэргийн онгоц илгээсэн байна.

Өдгөө 85 насыг зооглож буй хатан хаан эцгийнхээ нас барсан болоод хаан ширээнд заларсан өдрийг уламжлал ёсоор Сэндрингем ордонд гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг байна. Гэхдээ хатан хаан өчигдөр олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Тухайлбал, Кингс-линн хотын захиргаанд болсон арга хэмжээнд оролцсоныхоо дараа Норфлок гүнлигийн Дерсинг хотын цэцэрлэгт зочилсон байна. Харин Лондон хотод ойн арга хэмжээнд зориулж Хатан хааны их бууны анги Гайд цэцэрлэгт хүрээлэнд ёслолын буудлага хийжээ.

Түүнчлэн өчигдөр Их Британид хатан хааны хаан ширээнд заларсны ойд зориулсан шуудангийн цуврал марк гаргасан байна. Харин тус улсын телевиз радиогийн Би-Би-Си корпорацийн /нэгтгэл/ алдарт хөтлөгч, сэтгүүлч Эндрю Маррын бүтээсэн «Бриллиантан хатан хаан» (The Diamond Queen) хэмээх гурван ангит баримтат киноны эхний ангийг үзүүлжээ. Одоогийн байдлаар Елизавета хаан ширээнд 21 мянган өдөр 915 хоногийг өнгөрүүлээд байгаа бөгөөд парламентын 3500 гаруй тогтоолд гарын үсэг зурж, 12 Ерөнхий сайд солигдохыг үзжээ. Хэрвээ тэрбээр 2015 оны есдүгээр сар хүртэл хаан ширээнд заларбал Их Британийн хатан хааны титмийг 63 жилийн турш зүүсэн хатан хаан Викториягийн амжилтыг эвдэх юм. Тэрбээр 600 буяны байгууллагын ивээн тэтгэгч бөгөөд 400 мянга гаруй хэргэм, цол шагналтайгаас гадна 116 оронд 261 удаа айлчилжээ.
Хатан хаан хоёрдугаар Елизавета үүрэг зорилгодоо үнэнч байж, үлгэр дууриал болж байсан гэж түүхчид хаан ширээнд заларсных нь ойн өдрийн өмнө дүгнэсэн байна. «Түүний байгуулсан гол гавьяа нь хаант засаглалыг бодлогын хувьд уян хатан болгож, цаг хугацааны шаардлагад нийцсэн шинэ шинэ уламжлалыг нэвтрүүлсэн явдал юм» гэж хатан хааны түүхэн орднуудын ерөнхий менежер Люси Уорсли Гадаад хэвлэлүүдийн холбооны сэтгүүлчдэд зориулсан хурал дээр хэлжээ.

Хатан хаан хоёрдугаар Елизавета хаан ширээнд заларсныхаа 60 жилийн ойг тэмдэглэж байгаа Британийн хоёр дахь хаан болж байгаа ажээ. Тэрбээр Британийн хамтын нийгэмлэгийн гишүүн 53 орны тэргүүн бөгөөд 16 улсын хувьд бэлгэ тэмдгийн чанартай төрийн тэргүүн нь юм. «Хатан хаан энэ үүргийг Британийн хаант улс задарч Хамтын нийгэмлэг дөнгөж бүрэлдэн бий болж байх үед эцгээсээ өвлөн авсан. Эцгийг нь нас барсны дараа түүний гүйцэтгэх үүрэг бүрхэг болсон боловч тухайн үед Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру залуу хатагтай Елизаветаг Британийн хамтын нийгэмлэгийн тэргүүнээр сонгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн захидал илгээсний дараа Британиас тусгаар тогтнолоо зарлаад байсан бусад улс ч үүнийг зөвшөөрсөн» гэж Британийн хаант засаглал болон Британийн хамтын нийгэмлэгийн түүхийн тухай номын зохиолч Роберт Жобсон ярьжээ.

Түүхчид мөн хаан ширээнд залрах хугацаа нь дуусч байгаа энэ үед ч гэсэн хоёрдугаар Елизаветагийн нэр хүнд улам бүр өссөөр байгааг онцлон дурдсан байна. «Гэхдээ Австрали, Ямайк, Шинэ Зеланд, Канад зэрэг хэд хэдэн улс хатан хааныг таалал төгссөний дараа Британийн хааны эдгээр улсын бэлгэ тэмдгийн төрийн тэргүүний үүргийг цуцлах тухай асуудлыг хөндөж магадгүй гэх яриа гарч байгаа» гэдгийг Жобсон тэмдэглэн хэлжээ. Британийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд энэ жилийн турш болох Елизаветагийн «бриллиантан» ойн баяр ёслолын арга хэмжээнд оролцоно.

Британичууд ойн өдрийг тохиолдуулан зургадугаар сарын эхээр 4 хоног амрах ажээ. Баярын арга хэмжээний үеэр Темза мөрнөөр мянган гоёмсог хөлөг онгоцны цуваа явах бөгөөд Альберт Холлын нэрэмжит хатан хааны шинжлэх ухаан урлагийн танхимд баярын концерт тоглоно. Мөн Лондоны Баттерси цэцэрлэгт хүрээлэнд хатан хаан хоёрдугаар Елизаветагийн Их Британи болон Хамтын нийгэмлэгийн орнуудыг удирдсан он жилүүдэд зориулсан түүхэн баяр ёслолын арга хэмжээ болох бөгөөд 2012 ширхэг бамбар асаах юм. Ёслолын арга хэмжээ Лондоны Гэгээн Павелын сүмд өндөрлөнө. Түүнээс гадна энэ зун Нэгдсэн Вант Улсын хотуудад хатан хаанд зориулсан олон тооны үзэсгэлэн, баярын арга хэмжээ зохиогдох ажээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.