Оросын Хабз:Гитлер амиа хорлосон нь үнэн
2012.01.27

Оросын Хабз:Гитлер амиа хорлосон нь үнэн

 
  • Тавдугаар сарын 5-нд цогцсуудыг газраас цухуйсан хөнжлийн хэлтэрхийгээр олсон бөгөөд Зөвлөлтийн тагнуулчдын гарт оржээ.
  • Одоо байгаа мэдээллээс үзвэл, Иосиф Сталин Гитлерийн хувь заяа хэрхэхийг маш ихээр сонирхож байсан бөгөөд түүнийг амьдаар нь барьж чадаагүйд харамссан гэдэг.

Адольф Гитлер 1945 оны дөрөвдүгээр сард үнэхээр амиа хорлосон гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэж Оросын Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн /ХАБЗ/ Бүртгэл, архивын сангийн удирдах газрын дарга Василий Христофоров мэдэгджээ.

Тийнхүү тэрбээр Британийн түүхч Жерард Уильямсын бичсэн “Саарал чоно: Адольф Гитлер зугтсан нь” номыг тайлбарласан байна. Гитлер, Ева Браун хоёр Берлинээс гарсан бөгөөд олдсон хоёр хүний цогцос тэдэнтэй адил хүмүүсийнх байх гэсэн таамаглалд үндэслэн энэ номыг бичсэн аж.

Уильямсын номыг “ямар нэгэн амар хялбар замаар дуулиан шуугиан тарих гэсэн бас нэг оролдлого” гэж Христофор дүгнэв.

Гитлер үхсэн нөхцөл байдал удаан хугацааны турш дэлхийн хоёрдугаар дайны тайлагдашгүй оньсогуудын нэг байв. Баттай мэдээлэл байхгүй байсан бөгөөд цөөн тооны гэрчүүдийн хоорондоо зөрчилдсөн мэдээлэл нь сэтгүүлчид дуулиан тарьсан мэдээлэл хийж, бэртэгчид ер бусын таамаглал хийхэд хүргэсэн гэж ХАБЗ-ийн төлөөлөгч тэмдэглэжээ.

“Гитлер үхсэнд эргэлзэх явдал байхгүй. Түүний үхсэнийг нотлох 1954 оноос өнөөг хүртэлх үеийн баримт бичиг болон эд зүйлсийг ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны /одоогийн ХАБЗ/ Төв архивын тусгай байгууламжид хадгалсан байдаг. Тэдгээр баримтууд дотор Гитлерийг тойрон хүрээлэгчдийг байцаасан протоколууд, цогцос олдсон газрын гэрэл зураг болон шүүх-эмнэлгийн шинжилгээний баримт болох Гитлерийн эрүүний ясны үлдэгдэл, түүний хувийн эд зүйлс бий. Эдгээр материал нь 1945 онд Гитлер үхсэн гэдгийг нотлох хөдөлшгүй баримт юм” гэж Христофоров мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Гитлер, түүнийг тойрон хүрээлэгчдийг эрэн сурвалжилсан тухай албан ёсны баримт бичгүүд болон гол нацистуудын цогцсыг таньсан баримтуудыг 1996 оныг хүртэл нууцалж байгаад нийтэд дэлгэсэн байна. Тэр цагаас хойш материалуудыг Оросын болон гадаадын телевизийн компаниуд мэдээлэл бэлтгэх, кино хийхдээ нэг бус удаа ашигласан бөгөөд 2000 онд “Гуравдугаар Рейхийн тарчлал. Өшөө авалт” үзэсгэлэнд тавьжээ.

2002 онд Гитлерийн цогцсын үлдэгдлийг Германы шүүх-эмнэлгийн шинжээч Бэнеке судлаад, Москвад хадгалагдаж байгаа эрүүний ясны үлдэгдэл нь үнэхээр Гитлерийнх мөн гэсэн дүгнэлт хийсэн байна.

Генийн шинжилгээ хийх хүсэлтийг бие даасан шинжээчид Оросын ХАБЗ-ийн Төв архивт тавьдаг гэж Христофоров мэдээллээ.

“Фюрерын үхсэнийг нотолсон цорын ганц эдийн мөрийн баримтыг хадгалагчийн хувиар архив түүхэн үнэнийг тогтооход тусалж, хуулийн дагуу фюрерын эрүүний ясны үлдэгдлийг судлахад зориулж өгөхөд бэлэн байна” гэж тэрбээр мэдэгдээд, үүний тулд ДНК-ийн судалгаа хийхээр биологийн материал авсан хүн үнэхээр Гитлерийн хамаатан бөгөөд уг материалыг хууль ёсны дагуу авсныг нотлох баримт шаардлагатай болохыг тайлбарлажээ.

Амиа хорлосон нь

Германы фюрер олон жил хамт амьдарч байгаад амиа хорлохоосоо ердөө нэг хоногийн өмнө гэрлэсэн Ева Брауны хамт 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд амиа хорлосон байна. Тэрбээр хор уугаад, дараа нь өөрийгөө буудсан гэж үздэг, харин өөр нэгэн хувилбараар бол, Геббельс “фюрер цэрэг хүн шиг буудуулж үхэх ёстой” гээд СС-ийнхний нэгэнд цогцсуудыг буудах тушаал өгчээ.

Рейхийн тамгын газрын ажилтнуудын нэг болох гэрчийн хэлснээр, Гитлер цогцсоо устгахын тулд бензинтэй канистр гараашаас авчрах тушаалыг урьдчилаад өгчээ.

Дөрөвдүгээр сарын 30-нд үдийн хоолны дараа тэрбээр ойрын тойрон хүрээлэгч хүмүүстэй гар барьж салах ёс гүйцэтгээд Ева Брауны хамт өрөөндөө оржээ. Удалгүй тэндээс буун дуу гарсан байна.

15 цаг 15 минутад Геббельс, Борман, гитлерюгендийн тэргүүн Аксман, фюрерын адъютант Отто Гюнше, үйлчлэгч Хайнц Линге нар өрөөнд оржээ. Амьсгал нэгэнт хураасан Гитлер буйдан дээр суугаа байдалтай байсан бөгөөд чамархайд нь цусны толбо байв. Гаднаас нь харахад илэрхий гэмтэлгүй Ева Браун түүний хажууд хэвтэж байжээ. Гюнше, Линге хоёр Гитлерийн цогцсыг цэргийн хөнжилд ороогоод рейхийн тамгын газрын гадаах цэцэрлэг рүү аваачсан байна. Түүний араас Евагийн цогцсыг аваачжээ. Цогцсуудыг хоргодох байрны хаалганаас холгүйхэн тавьж, бензин асгаад шатаасан байна.

Гитлер гэрээслэлдээ өөрийн хашиж байсан ерөнхийлөгч болон канцлерын албан тушаалыг Дениц, Геббельс хоёрт шилжүүлжээ. Геббельс фюрерын араас амиа хорлож, Дениц Гуравдугаар рейхийг бууж өгөх хүртэл Герман улсыг удирдсан байна.

Тавдугаар сарын 5-нд цогцсуудыг газраас цухуйсан хөнжлийн хэлтэрхийгээр олсон бөгөөд Зөвлөлтийн тагнуулчдын гарт оржээ. Цогцсыг тухайлбал, шүдний эмчийн туслах Кети Хойзерманы тусламжтайгаар таньсан байна. Цэцэрлэгээс олдсон хиймэл шүд Гитлерийнх болохыг тэрбээр нотолжээ.

Одоо байгаа мэдээллээс үзвэл, Иосиф Сталин Гитлерийн хувь заяа хэрхэхийг маш ихээр сонирхож байсан бөгөөд түүнийг амьдаар нь барьж чадаагүйд харамссан гэдэг.

1946 оны хоёрдугаар сард Гитлер, Ева Браун, Йозеф болон Магда Геббельс, тэдний зургаан хүүхдийн цогцсыг Магдебург дэх Зөвлөлтийн ДХЯ-ны баазад оршуулсан байна. 1970 онд тус баазын дэвсгэр нутгийг БНАГУ-д шилжүүлэх үеэр Юрий Андроповын /ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан/ саналаар цогцсуудыг шатааж, чандрыг нь Эльба мөрөн рүү цацжээ. Москва руу Гитлерийн хиймэл шүд болон сумны нүх гарсан эрүүнийх нь хэсэг, тэрчлэн цусны толбо бүхий буйдангийн хажуугийн хэсэг зэргийг илгээсэн байна.

Уильямсын хувилбар

Британийн түүхчийн дэвшүүлж буй хувилбараар бол, дөрөвдүгээр сарын 27-нд Гитлер болон Ева Браун хоёр нууц хонгилоор дамжин хоргодох байрнаас гарсны дараа Германы нисгэгч Питер Баумгарт тэднийг Испанид хүргэжээ. Тэндээсээ генералиссимус Франкогийн зөвшөөрлөөр шумбагч хөлөг онгоцоор Латин Америкийг зорьсон байна. Тэнд Мартин Борман /фюрерын орлогчийн штабын дарга/ бүр 1943 онд тэдэнд зориулан Андын нурууны ойролцоо байр бэлтгэсэн байжээ.

Гитлерийг 1962 онд нас барсан, бас тэрбээр хоёр охинтой гэж Уильямс үзэж байна. Гитлерийг амьд гэдгийг Америкийн тусгай албаныхан мэддэг байсан мэтээр тэрбээр нотолжээ гэж Би-Би-Си мэдээлэв.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.