Хятад улсын геополитикийн амбицийг өрнөдийнхөн олж харахгүй байна
2012.01.12

Хятад улсын геополитикийн амбицийг өрнөдийнхөн олж харахгүй байна

  •  АНУ-ын “Foreign Policy” сонинд нийтлэгдсэн тоймч А.Петерсены нийтлэл-
Хятадын ёроолгүй “ходоод”-ын хэрэглэдэг байгалийн хийн тал хувийг Туркменистан нийлүүлдэг. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов 65 тэрбум м3 байгалийн хийг Хятадад нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Ийнхүү Төв Азийн энэ улс тухайн бүс нутгийнхаа хүчтэй “тоглогч” ОХУ-ыг ялчихлаа.


Москва байгалийн хийгээ экспортлохын тулд Бээжинтэй олон жилийн турш хэлэлцээр хийсээр ирсэн ч бүтэлтэй юм болоогүй. Үнэндээ энд туркменчүүдийн оролцоо нэг их байхгүй гэж хэлж болно. Яагаад гэвэл байгалийн хий нийлүүлэх энэхүү хэлэлцээр нь Бээжингийн геополитикийн шатрын нүүдэл юм. Хятад улс тухайн бүс нутгийн байгалийн баялгийг сонирхохын зэрэгцээ эрх мэдэл, нөлөөтэй байхыг эрмэлзэж байна.
Өрнөдийнхөн одоогоор Ази-Номхон далайн бүс нутагт Хятадыг хязгаарлахад анхаарлаа төвлөрүүлж байгаа. Энэ хооронд Бээжин өөрийн баруун хил хязгаар буюу Төв Азийн орнуудад нөлөөлж, ашиг хонжоо олсоор явна.
Туркменистан олон жилийн турш ач холбогдол багатайд тооцогдож байлаа. Байгалийн хийн нөөцөөр дэлхийд эхний 10-т жагсдаг энэ улс баялгаа өнөөгийнх шиг амжилттай ашиглаж байгаагүй. Одоо Туркменистан улс нефть нийлүүлэгч орнуудын дунд баттай байр сууриа эзэллээ. Өмнө нь туркменчүүд байгалийн хийгээ хил дээр Оросын “Газпром” компанид зарж, харин тус компани цааш нь Европын хэрэглэгчдэд асар өндөр үнээр борлуулдаг байв.
Одоо Ашхабад /Туркменистаны нийслэл/ Бээжинтэй “амраглаад” зогсохгүй, Евро комисстэй “сээтэгнэж” эхэллээ. Евро комиссын зорилго бол Туркменистанаас Европ руу Каспийн тэнгисийг дамжуулан хийн хоолой барих, мөн Туркмен-Афган-Пакистан-Энэтхэгийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх. Хэрэв экспортын энэ өргөн хүрээг бүрэн хамарч чадвал Ерөнхийлөгч Бердымухамедовын байр суурь улам бэхжиж, Оросын “Газпром”-ын ноёрхлын эсрэг сөрөн зогсох юм.


Асуудлыг Туркменистанаас арай өргөн хүрээгээр харъя. Ерөнхий дүр зургийг авч үзэж байж л Бээжин яагаад ОХУ-ын байгалийн хийг бус харин Туркмен, Казахстан, Узбекийнхыг сонгосон нь ойлгогдоно. Тэгэхээр ОХУ-ын “Газпром” бүс нутгийн стратегиа ч эргэн харах биз ээ.


Москватай байгалийн хийн үнийн талаар 5 жилийн турш хэлэлцээр хийж байх хоорондоо Хятадын нефть, байгалийн хийн үндэсний корпораци (CNPC) нь Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолойг барих тээврийн дэд бүтцээ шинэчилчихлээ. Ийнхүү эрчим хүчний салбар дахь бүс нутгийн геополитикийн бодлогод өөрчлөлт, хөдөлгөөн гарч, Хятадын нөхцөл байдал илүү сайжирсныг баталлаа.


Энэ нь эцсийн бүлэгт Бээжин чухамдаа геополитикийн зорилго агуулж буйг гэрчилж байгаа юм. Бээжингийн үр дүн гэвэл тогтвортой байдал. Өөрөөр хэлбэл хятадууд өөрт нь үйлчилгээ үзүүлдэг орнуудын Засгийн газруудын үйлдэл, алхмыг урьдаас тааварлан мэдэх боломжтой бөгөөд нөгөө хэд ч чих зөөлөн, үгэнд оромтгой бололтой. Гэтэл ОХУ ба өрнөдийн тоглогчид зөвхөн тогтворгүй байдал авч ирдэг юм байх.


БНХАУ одоо Төв Азид “том” болжээ. Гэсэн хэрнээ Хятад Төв Азийн бүсэд өөрийн геополитикийн амбицийг нуун далдлахыг хүсдэг. Хятадын Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яамны түшмэд “Манай ганц зорилго бол байгалийн ашигт малтмал. Гэтэл Төв Азид явуулж байгаа Хятадын бодлогыг өрнөдийнхөн  геополитикийн үүднээс буруу харж байна. Ингэснээр тэд худалдааны жирийн хэлэлцээг Хятадын аюул болгон хувиргадаг” гэжээ. Харин “CNPC”-ийн төлөөлөгч “Бүс нутгийн зарим түнш маань бидний энд байгааг гадаад улс төрийн хэрэгсэл болгон ашиглахыг оролддог. Гэтэл Хятадын компани, фирмүүд улстөрд оролцдоггүй” хэмээн мэдэгдсэн.


Хятадын эрчим хүчний яамны нэрээ нууцлахыг хүссэн өндөр албан тушаалтан “Эрчим хүч бол Туркменистантай илүү өргөн харилцаа тогтоох үндэс. Тэд бүс нутаг дахь манай гол, найдвартай түнш. Казахстан улс хэдийгээр илүү их нефтьтэй, байгалийн хийтэй ч Туркменистан чухал түнш билээ. Бидний хамтын ажиллагааг Хятад улс ихэд үнэлдэг” хэмээгээд Казахстанд дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Туркменистанаас илүү их импортлохыг зорьж байгаагаа нуусангүй.


Төв Азийнхан Хятадын тооцоог сайн мэдэж байгаа. Энэ талаар Туркменистаны Эрчим хүчний яамны нэгэн өндөр албан тушаалтан “Хятад энэ бүс нутагт ОХУ ба өрнөдийн “тоглогчид”-той өрсөлдөхийн тулд улстөрийн нөлөөтэй болохыг эрмэлзэж байна. Гэвч Туркменистан үүнтэй эвлэрэхгүй, ийм байдалд хүргэхгүй” хэмээн ярьжээ.


Ямар ч гэсэн ОХУ өөрийн нь геополитикийн нөлөөний уламжлалт бүсэд ч Хятад улс  нэвтэрч байгааг эсэргүүцэх нь ойлгомжтой. Үнэндээ Хятадын геополитикийн зорилго ОХУ-ынхтай төстэй билээ.


Ийнхүү Хятад ба ОХУ-ын зөөлөн геополитикийн өрсөлдөөн эхэлжээ. Цаашид улам түгэн тархаж байна. Жишээлбэл Хятадын цэргийнхэн энэ сард Азербайджанд айлчлахаар төлөвлөсөн.


Өдгөө Хятад улс өөрийн геополитикийн давшилтаа чадах ядахаараа нуусаар байна. Одоогоор амжилттай яваа учраас түгшүүрийн дохио, сануулга хаа хаанаас ирээгүй л байна.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.