Хойд Солонгосчуудыг хувь заяаг дэнслэх Түмэнгийн зам
2011.05.23

Хойд Солонгосчуудыг хувь заяаг дэнслэх Түмэнгийн зам

Хойд Солонгосын залуухан удирдагч Ким Чен Ун эцгийнхээ алдарт люкс зэрэглэлийн галт тэргээр Хятадын зүүн хойд хэсгийн Түмэн хотоор дамжин, БНХАУ-д айлчлахаар ирсэн тухай олон улсын хэвлэлүүд шуугиж байна. Өлмөн зэлмүүн ард иргэдийнхээ хоол хүнсийг залгуулахын тулд хятадаас бадар барихаар ирсэн гэж таамаглаж буй Ким Чен Уны туулсан Түмэнгийн яг энэ замаар Хойд Солнгосын хэдэн мянган дүрвэгч идэх хоол, эдлэх эрх чөлөөнийхөө төлөө хүнд бэрх замыг туулан, амь тэмцэн байж Хятадад ирдэг.


Түмэн гол Хойд Солонгос, Хятадын хилийг зааглан өргөнхөндий, жижиг тосгод, нарс, хусан ойтой өндөр уулсыг дайран 500 гаруй километр үргэлжилнэ. Энэ гол зарим хэсэгтээ тун нарийхан. Нөгөө эрэгт нь гарахын тулд дунд нь хэдэн том чулуу хаячихад төвөггүйхэн гаталчихмаар. Гэхдээ голыг ингэж хялбархан гатлах үе зөвхөн хаврын сүүлчээр буюу зуны хур бороо эхэлж, голын төвшин нэмэгдэхээс өмнөхөн цөөхөн хэд хоногт л тохионо. Яг энэ үед, яг энэ замаар Ким Кюн Сун ирж буцан олон ч удаа явж, одоо бүр тоогоо алджээ. Өнгөрсөн долоо хоногт тэр Хятадад орж ирэхдээ "энэ замаар явах сүүлчийн удаа байгаасай" гэж дотроо залбирчээ.

Энэ зам бүр хэдэн арван жилийн өмнөөс хойд солонгосчуудад танил болсон юм. Гэхдээ энэ замаар мөр гаргалгүй зорчигчдын тоо 1990-ээд оны дунд үеэс илт нэмэгджээ. Тэр үед Хойд Солонгосын дүрвэгсдийн тухай Хятадын тал төдийлэн мэддэггүй байсан учир хаагдмал нийгмээс ирсэн солонгосчуудын хувьд Хятадын хилийн хотууд диваажин шиг л сайхан байж. Гэвч 2000 он гарсаар жаргалтай өдрүүд дусч, хууль бус дүрвэгсдийн тухай Хятадын тал үнэр авч, найрамдалт хөршийнхөө иргэдийг эх орных нь халуун тэвэрт эргүүлэн өгөх ажлыг идэвхийлэн хийх болжээ. Хойд Солонгосын дүрвэгсдийг харь гаригийнхан мэтээр үзэх Хятадын эрх баригчид Жилин мужийн хилийн хотуудаар томоохон шалгалт хийж, айл бүрийг нэгжин, солонгосчуудыг эрж хайх болсон юм.


Хойд Солонгосоос ирсэн ядуухан хан дүрвэгсдийг тэд алуурчин, хулгайч, гэмт хэрэгтэн мэтээр цоллож олж өгсөн хүнд шагнал амлаж, харин нуун далдаж, ажил олговол хуулийн хариуцлагах үлээлгэх жинхэнэ коммунист арга хэрэглэж эхэлжээ. Харь хэлтний нутагт ирээд хэнд ч хандах аргагүй ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдалд ордог дүрвэгсдэд туслах хүн нутгийн сайхан сэтгэлтнүүдээс өөр үгүй.

Ким Кюн Сун хүү Хятадад ирэхээсээ өмнө Хойд Солонгост өлсөхийн эрхэнд хулгай хийжээ, Түүн шиг асрамжийн газрын өнчин хүүхэд битгий хэл жирийн айл өрхүүд ч хоногийнхоо хоолыг арайхийн залгуулдаг тул өлсгөлөнтэй тэмцэж, амьд гарахын тулд хулгай хийх энүүхэнд. Ким уг нь 18 настай гэх боловч хоол тэжээлийн дутагдлаас ч болоод тэр үү наснаасаа жаахан харагддаг. Тэр хэдий нас бага ч түүндээ баймгүй зовлон үзжээ. Ким Түмэнгийн замаар Хятадад олон ч удаа ирж, бас олон ч удаа баригдаж байжээ. Түүнийг хамгийн сүүлд Хятадаас баригдаж, Хойд Солонгос руу албадан шилжүүлэхэд ахынх нь хамт хөдөлмөрийн лагерьт хорьсон байна. Гэвч залуу хүний сэргэлэн ухаанаар тэд зугтаж чадсан бөгөөд танил болсон Түмэнгийн замаар Хятадад ирэхдээ сүүлчийн удаагийнх байгаасай гэж залбирсан нь тэр ээ. Ким Өмнөд Солонгосын сайн дурын байгууллагатай холбоо тогтоосноор Христийн шашны итгэгч болсон нь түүний байдлыг улам дордуулжээ. Шашин шүтэх эрх чөлөө үгүй Хойд Солонгосын хувьд харийн шашин шүтэхийг яавч хүлээж зөвшөөрөхгүй тул хэрэв тэр энэ удаа баригдвал бүр чанга дэглэмтэй шоронд ачигдах нь тодорхой гэнэ.


Хятадын хилийн хотуудад НҮБ-ын юмуу олон улсын байгууллагууд ирж ажиллаж чадахгүй учир Ким шиг хэдэн мянган хүн Хойд Солонгосоос энд дүрвэн ирснийг хэлэх аргагүй. Хятадын хувьд дүрвэгсдийн тоо гаргахыг хууль бус гэж үздэг бөгөөд барууны зарим хэвлэлүүдийн мэдээлдгээр бол 1990-ээд оны эцсээр тус улсад Хойд Солонгосын 200-300 мянган дүрвэгч байсан гэлцдэг. /Гэхдэээ энэ замаар Хятад руу яваад амь үрэгдсэн хүний тоо бүр сая хүрсэн ч гэдэг/ Тэднээс золгүй нь нутаг буцаагдаж, харин азтай нэг нь энд дүрвэн ирсэн ах дүүс, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, уулын мухар, тариалангийн талбайд хятадуудын боол зарц мэт амьдардаг байна. Хан Дон Гун, Хан Дон Шик хэмээх ах дүү хоёр суурин газраас алслагдмал уулархаг нутагт эмийн ургамал тарьдаг айлд ажил хийдэг. Тухайн жил ургац хэр авахаас тэдний багахан цалин хөлс хамаарах бөгөөд заримдаа бүр авахгүй ч үе гарна. Тэглээ гээд тэдэн шиг хууль бус дүрвэгсдэд гомдоллох эрх үгүй. Өөр сонголт үгүй. Буцах зам ч байхгүй.

"Дүрвэгсдийг амьдаар нь тарчилган зовооно"

Пак Хью Сүк өнгөрсөн нэгдүгээр сард Түмэн голыг хөлдсөн байхад нь хоёр дахь удаа Хятадын хилийг даван иржээ.Одоо тэр таван настай охинтойгоо байнгын айдас түгшүүр дор амьдарч байна. Цагдаагийнхан ойр ойрхон нэгжлэг шалгалт хийж байгаа учир хэзээ баригдах бол гэсэн айдас түүнийг эзэмджээ. Түүнийг анх Хятадад иэхээс өмнө Хойд Солонгосоос  зугтсан хүмүүсийг хятадууд барьж аваад, цусыг нь хаттал амьдаар нь тарчилган зовоодог гэсэн суртал ухуулгын яриа тосгоноор нь тарсан байжээ. Гэсэн ч Пак Хью Сүк охиноо тэжээхийн тулд аргагүй эрхэнд хил давж, Хятадад орж ирсэн байна. Гэвч жил гаруйн дараа баригдаад Хойд Солонгос руу ачигдан очиход нь түүнийг Хятадын тагнуул гээд тосгоныхон нь сэжиглэн харилцахаа больж, цагдаагийнхан ч хөөж туудаг болжээ. Тиймээс тэр дахиад л Хятад руу зугтан ирсэн нь энэ. Одоо тэр Өмнөд Солонгос руу зугтах цорын ганц хүсэлтэй. Гэвч бичиг цаас үгүй, хятад хэл мэдэхгүй түүн шиг дүрвэгсдийн хувьд Өмнөд Солонгосын Элчин сайдын яаманд хандана гэдэг Түмэн голыг гатлахаас ч илүү хүнд даваа ажээ. Гэвч тэр оролдоод үзнэ. Түүн шиг олон мянган хүн оролдож үзэх болно. Бүтэлтэй, бүтэлгүй олон оролдлого хийсний эцэст хувь заяа нь түшсэн нэг нь аюулгүй газар бараадаж, нөгөө нэг хэсэг нь хэзээ ч амьдрахыг хүсэхгүй эх орон руугаа буцаагдана.

Зорьсон газар 5000 километрийн алсал


Дүрвэгсдийн зарим нь Хятадад чимээгүйхэн шиг амьдрахыг илүүд үзэж байхад, зарим нь Өмнөд Солонгос руу, бас цөөнгүй хэсэг нь Монгол, Тайланд, Лаос гээд бүр холын орон руу зугтахаар оролддог байна. Тэд цорын ганц зэвсэг болох газрын зургаа бариад бор зүрхээрээ хэдэн зуу, мянган километр зам туулан алхсаар аль нэг улсын хил дээр очиж, тэр улсын хилийн цэргийнхэн зогсоох хүртэл зогсолтгүй явсаар байдаг.

Саяхан Тайландын хил дээр Хойд Солонгосын 50 орчим дүрвэгч баригджээ. Тэд Түмэн голын замаар Хятадад ирээд тэндээсээ Лаосоор дамжин 4800 гаруй километр үргэлжлэх асар урт зам туулан, Тайландын хилд тулж ирсэн байна. Энэ урт замд мэндэлсэн долоон сартай нялх хүүхэд ч тэдний дунд бий. Тэдний зорьсон эцсийн зогсоол болох Өмнөд Солонгос уг нь анх гарсан нутгаас нь хэдэн аравхан километриин зайтай ч тэнд хүрэхийн тулд гурван улсын хил дамнан энэ хол замыг туулах хэрэгтэй болжээ. Бараг 5000 километр шахам энэ хол замаар дамжин Өмнөд Солонгост хүрэх гэсэн дүрвэгсдийн тоо сүүлийн зургаан жилийн дотор 50 дахин өсчээ. 2004 онд Лаосоор дамжин 46 дүрвэгч Тайландад ирж байсан бол энэ онд 2482 хүртлээ нэмэгдсэн байна. Энэ бол зөвхөн хил дээр саатуулагдсан хүний тоо бөгөөд үүний цаана баригдахгүйгээр нууцаар гарсан хэд байгаа нь бүү мэд. Ингэж амь тэмцэн Тайландыг зорьж ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь тус улсын Засгийн газар дүрвэгсдийг Хойд Солонгос, Хятад руу буцаадаггүй, харин Өмнөд Солонгосын ЭСЯ-тай холбож, Сөүл рүү нисэхэд нь тусалдагтай холбоотой гэнэ.

Солонгос ээжтэй харьяалалгүй хүүхдүүдийн арми

Хятадыг зөвхөн дамжин өнгөрөх газар болгож, өөр улсыг зорьдог нэг хэсэг байхад тэнд үлдээд, нутгийн эрчүүдтэй сууж, нам гүм амьдралыг сонгох эмэгтэйчүүд ч байна. Гэвч тэдний байдал нөгөө хэсгээсээ гарах зүйлгүй, бас л байнгын дарамт дор амьдардаг. Тэдний нэг болох Ли Ми Юун хятад эртэй амьдраад, хүүхэдтэй болсныхоо дараа хүүгийнхээ ирээдүйг бодож өөрөө Хойд Солонгос руу буцахаар шийджээ. Түүний хүү Хятадын хилийн тосгонуудад аль хэдийнэ түгээмэл болоод буй хятад аав, солонгос ээжтэй, албан ёсны бүртгэлгүй хүүхдүүдийн нэг юм. БНХАУ-ын хуулиар хятад эцэгтэй эрлийз хүүхдүүдэд иргэншил олгодог боловч ихэнх эрчүүд эхнэрээ баригдаад, Хойд Солонгос руу буцаагдах вий гэдгээс айгаад хүүхдээ бүртгүүлдэггүй байна. Тиймээс Ли Ми Юн хүүхдээ Хятадын иргэн болгохын тулд өөрөө эх орон руугаа буцахаар болжээ. Түү-нийг явсны дараа нөхөр нь авлигад өгөхөөр бэлдсэн 3000 юаниар орон нутгийн удирдлагыг хахуульдаж, хүүхдээ албан ёсны гэрчилгээтэй болгохоор төлөвлөжээ. Энэ мөнгийг Ли Ми Юн өнгөрсөн гурван жилийн турш хилийн Дандон хотод зөөгч хийж байж цуглуулсан байна. Ли Ми Юн шиг ажил хийж авлигын мөнгө цуглуулж чадаагүй эцэг эхчүүд олон байдгаас одоо Хятадын хилийн хотуудаар харьяалалгүй хүүхдийн тоо хэдэн мянга хүрсэн гэж олон улсын байгууллагууд үзэж байна. Нэгэнт харьяалалгүй учраас энэ хүүхдүүд сургуульд элсэх, эмнэлэгт хандах, ажил төрөл хийх тухай бодох ч хэрэггүй юм. Ингэж ирээдүй нь үнэхээр бүрхэг болсон хүүхдүүдийг яах вэ гэдэг асуудлыг хүмүүнлэгийн байгууллагууд олон улсын төвшинд гаргаж тавьдаг ч одоо хүртэл шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй л байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.