Ардчиллын эталон гэгддэг АНУ-ыг хятадууд "үнсэн товрог" болтол шүүмжлэв
2011.04.18

Ардчиллын эталон гэгддэг АНУ-ыг хятадууд "үнсэн товрог" болтол шүүмжлэв

Хятад улс АНУ-тай эн тэнцүү харилцаж эхэлснээ зарлан тунхаглаж, BRICS-ийн эсрэг байр суурьтай байгаа талаар ОХУ-ын шинжээч С.Балмасов ингэж бичжээ.

Энэ долоо хоногт Хятад улс дэлхий дахинд хүч чадлаа хоёр ч удаа гайхуулав.


1. Хүний эрхийг ноцтой зөрчдөг хэмээн тэд АНУ-ыг аймшиггүйгээр буруутгалаа.
2.BRICS-ийн орнуудын /Brazilia, Russia, India, China, South Africa/ төрийн тэргүүнүүдийн санаачилсан долларыг “шахаж”, юанийг хөрвөх валют болгох саналаас Хятад улс эрс татгалзав. Өнгөц харахад энэ хоёр мэдээлэл нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн мэт. Гэхдээ аль аль нь Хятад улсын нөлөө улам бүр өсөн нэмэгдэж буйг нотолсон хэрэг боллоо.



Өмнө нь буюу 4-р сарын эхээр АНУ-ын Төрийн департамент илтгэлдээ Хятад улсыг хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг хэмээн хатуу шүүмжилсэн билээ. Үүнээс хоёрхон хоногийн дараа Хятад гүрэн америкчуудад хариу барьсан. Бээжин өмнө нь “Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо” гэсэн эсэргүүцлийн ноотыг Вашингтон руу илгээдэг байсан бол энэ удаа огт өөр арга хэмжээ авчээ. 4-р сарын 11-нд Хятадын сонинуудад тус улсын Төрийн зөвлөлийн илтгэл хэвлэгдэв. “АНУ дахь хүний эрхийн байдал 2010 онд” гэсэн уг илтгэлд “Вашингтон бусад улс орныг хүний эрх зөрчлөө гэж буруутгадаг хэрнээ өөрийн оронд нь байдал маш аймшигтай байгааг нүд анин өнгөрөөж байна. АНУ-ын Засгийн газар иргэний болон улстөрийн эрхийг бүдүүлгээр зөрчиж, иргэдийнхээ хувийн амьдралыг уландаа гишгэдэг" гэжээ. АНУ-ын тусгай албад цаг үргэлж америк иргэдийнхээ хувийн амьдралын нууцад халддагийг Хятадын тал онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал америкчуудыг байнга цахим тагнуул хянаж, хувийн шууданг нь хөндлөнгийн хүмүүс нээж, мэдээлэл, захиаг хуулж, тэр бүү хэл хураан авдаг гэнэ.


Хятадын Төрийн зөвлөлийн илтгэлд “Жилд америкчуудын 20 хувь буюу 60 сая хүн ийм гэмт хэргийн золиос болдог. АНУ хэдийгээр дэлхийн хамгийн баян улс боловч америкчуудынхаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах нь улам муудаж байна” гэж онцлон тэмдэглэсэн байна. Хятадууд дараа нь ардчиллын эталон гэгддэг АНУ-ыг үнсэн товрог болтол шүүмжилжээ.


Хятадын удирдагчид “АНУ өөрийгөө ардчиллын өмөг түшиг гэдэг. Гэхдээ түүний энэ ардчилал нь үндсэндээ мөнгөн дээр суурилдаг” гэж мэдэгдсэн байна. Бээжин түүнчлэн Вашингтоныг өөрийн хилээс гадна хүний эрхийг “бөөндөж зөрчдөг” хэмээн буруутгаж, дэс дараалан тоочжээ. Ялангуяа Ирак, Афганистанд АНУ-ын хүчин чармайлтын “ачаар” энгийн номхон иргэд олноороо амь үрэгдэж байгаа явдалд олон нийтийн анхаарлыг хандуулав.


Хятадын энэ илтгэл нь АНУ-ын хувьд урьд хожид үзэгдээгүй бүдүүлэг явдал болжээ. Яагаад гэвэл америкчууд зөвхөн өөрсдийгөө энэ дэлхий дээрх хүний эрх ба ардчиллын байдалд үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй гэж өнөөдрийг хүртэл үзэж ирсэн билээ. Иймээс “ардчиллын этолон”-ыг ямар нэг байдлаар шүүмжлэх өчүүхэн оролдлогыг Вашингтон хилэгнэн хүлээж авдаг. Яг л Ромын пап лам нар еретикүүд, протестантуудад ханддаг шиг.


Хүний эрхийг зөрчсөн ямар ч "еретик"-ийг өмнө нь “ардчиллын ариун шүүх” гэж өөрсдийгөө үздэг АНУ хатуу цээрлүүлдэг байсансан. Харин одоо АНУ-ын ариун гэгээн гэдэгт эргэлзэж зүрхэлсэн Хятадыг галдах түймрийг америкчууд өрдөж чадахгүй. Иймээс өрнөдийнхөн алдарт опиумын дайны үеийг л шүүрс алдан дурсахаас яах вэ. Тэр үед “соёл иргэншилт улсууд” Хятадыг хүссэнээрээ эзэрхийлж байсан билээ.

Харин өнөөдөр Хятад АНУ-ыг ил тод өдөөн хатгаж байна. Хятад улс иймэрхүү мэдэгдлээрээ АНУ-ын даян дэлхийд давамгайлсан байдлыг эсэргүүцэн, түүний дарангуйллийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа арай дэндүү дорд үзсэн байдлаар илэрхийллээ.


Энэ үйл явдлын дараахан буюу 4-р сарын 13-нд Хятад улс BRICS нөлөөгөө батлан харууллаа. Уг нь BRICбайснаа 2010 оны сүүлээр Өмнөд Африкийн БНУ нэмэгдсэн билээ. Эдгээр орны төлөөлөгчид Хятадад болсон ээлжит 4-р сарын саммит дээрээ юанийг хөрвөдөг болгохыг хятадуудаас хүссэн юм. Энэ нь долларын дарангуйллаас чөлөөлөгдөх гэсэн тэдгээр орны эртний мөрөөдөлтэй холбоотой. Яагаад чухам юанийг дэлхийн шинэ валютаар сонгосонд хэн ч гайхсангүй. Шинжээчид “Хятадын валют давуу талтай. Энэ улс дэлхийн 2 дахь том эдийн засагтай, эрчтэй хөгжиж байгаа” гэсэн тайлбар хийдэг. Тэгээд ч Хятадын коммунистууд АНУ-д сургамж айлдсаны дараа энэ санаачилга нь дэмжигдэнэ гэж BRICS /үнэндээ бол BRIS / найдаж байсан. Гэтэл Хятад аман дээрээ долларын дарангуйллаас гарахыг эрмэлзэж байгаагаа мэдэгддэг хэрнээ бусад гишүүн орнуудын саналаас эрс татгалзжээ. Энэ талаар ОХУ-ын Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал С.Лузянин “Хятад үнэхээр олон улсын тооцоонд доллараас өөр мөнгөн нэгжид шилжихийг хүсч байгаа. Гэхдээ алсын ирээдүйд. Хятадууд цаанаа АНУ-д дургүй. Гэхдээ бодит нөхцөл байдалтай эвлэрэхээс яах вэ. Одоо долларыг юаниар солих нь Хятадад ашиггүй. Зах зээл дээр өрсөлдөөн өсч байгаа ч Хятадын асар том эдийн засаг бүхэлдээ АНУ-д уягдсан. Ирээдүйд энэ хамаарлаа аажмаар бууруулсны дараа хятадууд доллараар тооцоо хийхээ багасгах төлөвлөгөөтэй” гэж тайлбарлаж байна.


Хэрэв одоо юань дэлхийн зах зээл дээр хөрвөдөг валют болчихвол Хятадад эрсдэлтэй гэнэ. Санхүүгийн хямралын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгаа учраас Бээжин өөрийн эдийн засгаа нэмж эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Ер нь Хятадад юаньтай холбоотой бүхэн нууц, хориотой. Үүний дээр Хятад өөрийг нь сургах гэсэн бусад улсад таагүй ханддаг. АНУ хичнээн  ч удаа ухамсартайгаар юаниа чангаруулахыг Хятадаас шаардсан билээ. Яагаад гэвэл сул юаньтай байгаа цагт Хятадын бараа таваар АНУ–ын зэх зээл дээр хориг тавьсан татвартай байсан ч аюулгүй. Энэ нь Вашингтоныг түгшээх нь аргагүй, учир нь тэд Хятадаас улам бүр эдийн засгийн хамараалтай болж байгаа юм. Иймээс юань хөрвөдөг болбол хэнд ашигтай байх нь тодорхой. Мөн даяаршсан эдийн засагтай дэлхийд хэрэв юань олон улсын тооцоонд шинэ нэгж болон орвол биржийн дамчдын довтолгооны бай болж, янз бүрийн сөрөг дагавар гарч болзошгүй хэмээн Хятад улс болгоомжилдог.
Ямар ч байлаа гэсэн 4-р сард хийсэн Хятадын удирдагчдын алхмууд нь энэ улс АНУ-тай эн тэнцүү ярьдаг болсныг баталлаа. Тэгээд л Хятад улс америкчуудын эсрэг хандлагаа ойрын түншүүддээ зарласан хэрэг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.