Саудын Араб ба Израилийн гэнэтийн дотносол
2011.03.30

Саудын Араб ба Израилийн гэнэтийн дотносол

Израиль улс одоо Ойрхи Дорнодын үйл явдлыг маш болгоомжтой ажиглаж байна. Израилийн улстөрчид амандаа ус балгасан мэт дуугүй сууж, ямар ч тайлбар хийхгүй байгаа. Яагаад гэвэл Израильчуудын магтсан бүхнийг Арабын орнууд автоматаар эсэргүүцдэг, харин тэдний шүүмжилсэн болгоныг зөв гэж үздэг. Иймээс тэд Арабын аль нэгэн оронд өрнөж байгаа үйл явдлыг шүүмжлэн, арабуудыг дэмжигчдийн тоог хэд дахин нэмэх хүсэлгүй байна. Ингээд Францын "Slate.fr" сонины тоймч Жак Бенийушийн материалыг хүргэе.

Арабын орнуудын хямралд АНУ оролцож, нэрээ баастсан нь Израиль улс ба Саудын Арабын хоорондын харилцаа гэнэт сайжрахад хүргэжээ. Ингэснээр тэд Иран улсыг Сири, Иорданийн байдал тогтворгүй байгааг ашиглан хожоо олоход саад хийх гэнэ. Энд гэнэтийн холбоотон гарч ирсэн нь ОХУ. 
Сирид эмх замбараагүй явдал газар авч, дэглэм хяналтаа алдаж, Иордани мөн халдвар авч, иргэд нь эрх чөлөөг шаардаж байна. Израилийн хувьд Сири ач холбогдолтой. Башар Асадын дэглэм нурвал Израиль болон Ойрхи Дорнодод ноцтой нөлөөлнө. Тунис, Египетийн хувьсгалд цэргийнхэн нэлээд үүрэг гүйцэтгэж, дарангуйлагчдыг эрх мэдлээс татгалзахад нөлөөлсөн бол Ливийн армийнхны ихэнх нь Каддафид үнэнч үлдсэн, бас омгийн систем нөлөө хүчтэй хэвээр. Харин Сирийн бослого улс орныг удирдаж байгаа цөөнх алауитуудын эсрэг чиглэсэн юм. Арми одоо ч бүхнийг хянаж байгаа. Башар Асадын тушаалаар Ерөнхийлөгчийн гвардийн десантууд Дараа, Дейр Эззорт ажиллагаа явуулсан ба тэр өөрийн ах Махерыг 4-р хуягт дивизийг толгойлон бослого дарахаар томилсон.


Израиль улс эдгээр үймээн өөрийн нь хилд ойртохоос айж байна. Хэдэн хүчин зүйл нэгдвэл хувьсгал хяналтаас гарах магадлалтай, Сирийн сөрөг хүчин курдуудад нөлөө үзүүлж, тэд өөртөө засах эрх шаардах буюу бүр бие даасан улс болохыг оролдож магад. Энэ тохиолдолд Иран хөндлөнгөөс оролцвол иргэний дайн дэгдэж болзошгүй. Башар тэээд ч Ирантай нягт холбоотой. Иран түүнд зэвсэг нийлүүлж, эдийн засгийн тусламж үзүүлдэг билээ. Сири олон арван жил Ливаныг хянаж байгаа, энд Тегераны заавраар ажилладаг “Хезболла” бүлэглэл ихээхэн үүрэгтэй. Сирийн Ерөнхийлөгч Иранаас тусламж хүсэхэд хариуд нь бослогыг дарахаар “Хезболла”-гийн зэвсэгт дайчид хил даван орж ирлээ. Ийнхүү курдууд идэвхжиж, “Хезболла” хөндлөнгөөс оролцсоноор дэглэм өөрөө сүйрч болзошгүй. Тэгэхээр Тунис, Египетийн араас Ливан, Иорданийн дэглэм бас унаж магадгүй. Гэхдээ энэ замбараагүй явдлын дүнд ямар дэглэм тогтнохыг хэн ч хэлж мэдэхгүй.


Нийгэм нь эмзэг, тогтворгүй орнуудад хэрэв исламын фашизм ялах магадлал өндөр. Иймээс Израиль улс одоо Сирид өрнөж байгаа бослогын цаана Иран байгаа гэж сэжиглэж байна. Гэхдээ Сири нь Ираны төдийгүй Оросын нөлөөний нутаг. ОХУ энэ улсын армид зэр зэвсгээ нийлүүлдэг учраас хэрэв Сирид нөхцөл байдал муудвал алдагдал хүлээхээс айж байгаа. Ийм учраас оросууд Сирийн удирдлага ба ард түмний хооронд гүүр болж, байдлыг сайжруулахыг хүсч байна.


Израилийн эрх баригчид Арабын хувьсгалуудын тухай ярихаас татгалзаж байна. Тэд өөрсдийн нь үгийг аль нэг тал нь ашиглахаас эмээж байна. Энэ айдастаа автаад тэд өөрсдийг нь олон арван жил үзэн ядаж ирсэн “хүчтэй дэглэм”-үүдийг илүүд үзэх бололтой. Хэдийгээр террорист байгууллагуудтай холбоотой ч ядаж ямар нэг баталгаа болох юм гэж Иерусалим үзэж байгаа бололтой. Израильчууд Сирийг Иран, “Хезболла”-гийн хяналтад бүрэн орохын оронд хуучин дэглэмтэйгээ байг гэж байна.
Энэ бүс нутагт геополитик, дипломат өөрчлөлтүүд маш хурдан явагдаж байна. Израильчууд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Сирийн Башар аль-Асадад нөлөө үзүүлж чадахгүй байна, мөн өөрийн үнэнч холбоотон Хосни Мубаракийг гаргуунд нь гаргасан гэж үзэж байгаа бололтой. Иймээс Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Москва очиж, оросуудтай Сирийн хямралыг авч хэлэлцсэн юм. ОХУ үүссэн нөхцөл байдлыг ашиглан, тус бүс нутагт байр сууриа бэхжүүлэхээр шийдсэн бололтой. Биньямин Нетаньяху Америкаас нүүр буруулж, Арабын зөөлөн дэглэмтэй орнуудтай нэгдэн, Ираны эсрэг фронт байгуулахаар оролдож, шинэ шинэ дипломат санаачилга гаргасаар. Энэ хооронд ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Израилийн түншээ Москвад байгааг ашиглан, Саудын Арабын Гадаад харилцааны сайд, ханхүү Сауд аль Фейсал болон түүний туслах, Тагнуулын хэрэг эрхлэх газрын тэргүүн ханхүү Мукрин бин Абдулазиз нартай хэлэлцээр хийжээ. Ийнхүү Оросын ачаар Саудын Араб, Израилийн холбоо үүссэн бололтой.


Израиль, Саудын Араб улсууд америкчуудыг Ливид ороход хүлээцтэй байж, ингэснээр тэнд эмх замбараагүй байдал дэгдэж, ислам нэвтрэх хаалга болно гэж үзжээ. Энэ хоёр улсад нэг дайсан бий, тэр нь Иран. Тэдний бодлоор энэ бослогыг ашиглан Иран өөрийн цөмийн бодлогыг мартуулахыг оролдох гэнэ.


”ХАМАС” одоо зэвсэгт халдлага, террорист ажиллагаа гээд бүх хэрэгслээ ашиглан Израилийг хариу үйлдэл хийлгэн, Ираныг аврагчийн дүрд тоглуулахыг хичээж байна. Үүнийг израильчууд ч ойлгож байгаа. Үүний зэрэгцээ цэргийнхэн Нетаньяхуд дарамт үзүүлж, зүгээр суух нь сул доройн шинж гэж сүрдүүлж байгаа юм.


Оросууд Араб-Израилийн тоглоомд голлох байр сууриа эргүүлэн авахыг оролдож байгааг ойлгоод АНУ яаралтай арга хэмжээ авч, Израиль руу Батлан хамгаалахын сайд Роберт Гейтсийг илгээлээ. Гейтс “Иерусалимын аюулгүй байдал бидэнд чухал” гэж Израилийн цэргийнхэнд батлаад буцсан. Ийнхүү дипломат хил хязгаарууд яг Арабын ард түмнүүд шиг оргилон буцалж, өөрчлөгдсөөр байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.