Хөрш орнуудын зөрчил дэлхийг дайны ирмэгт аваачих нь
2010.11.24

Хөрш орнуудын зөрчил дэлхийг дайны ирмэгт аваачих нь

Солонгосын хойгийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэхүү орон нутгийн шинжтэй зөрчил дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна гэхэд хилсдэхгүй. Анх буун дуу гарсан энэ жижиг арал 38 дугаар өргөргийн дагуу оршдог бөгөөд умардууд түүнийг өмнөдийн эзэмшил гэж хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс энд үе үе харилцан буудалцдаг. Харин энэ удаад асуудал нилээд ноцтой болж ирлээ. Тэр бүү хэл шинжээчид үүнийг Ази тивд цэргийн зөрчил, дайн дэгдэхийн эхлэл гэж үзэж байна.


Тэгээд ч хэрэв үнэхээр Солонгосын хойгт дайн дэгдвэл энд байгаа олон арван цөмийн объектууд өртөж, экологийн сүйрэл болох нь зайлшгүй. Үүнээс л дэлхий дахин сэрэмжилж байгаа.Хэрэв хоёр Солонгосын хооронд дайн дэгдвэл Өмнөд Солонгосын нутаг дээр байрласан АНУ-ын арми татагдан орж л таараа. АНУ-ын цэргийн маш том хүч өмнөд Солонгост төвлөрснөөс гадна Японы нутаг дэвсгэр дээр ч америкчууд байрладаг. Мөн далай тэнгист тус улсын хөлөг оннгоцны бүхэл бүтэн анги нэгтгэлүүд байгааг мартаж болохгүй. Харин Умард Солонгос мэдээж, Хятадаас тусламж авна гэж тооцоолж байгаа. Тэгэхээр үнэхээр дэлхийн III дайн дэгдлээ гэж үү?.

Хэрэв Солонгосын хойгт том дайн дэгдвэл үр дүн ямар ч байсан хоёулаа устана гэдгийг Өмнөдийн болон Умардын эрх баригчид сайн мэдэж байгаа. Иймээс л Өмнөд Солонгос хачирхалтай мэт боловч НҮБ-д хандахгүй байгаа бололтой. Ер нь Өмнөд ч энэ зөрчилд буруутай. Тэд өөрсдөө хилийн орчимд цэргийн сургуулилт хийж, Умард Солонгосыг өдөөн хатгасан билээ. Одоо харин үүссэн нөхцөл байдлыг АНУ ашиглаж, умардсолонгосчуудад дарамт шахалт үзүүлж магадгүй нь. Тэгээд ч төрийн эрх мэдэл Ким Чен Ирээс залгамжлагчид очиж байгаа тун эгзэгтэй үед өөрийн хүчийг мэдрүүлэх боломжийг америкчууд яаж зүгээр орхих вэ дээ.

Хоёр Солонгос дайтвал дараа нь ямар улс дайнд татагдан орох вэ?


АНУ ба Иран уу, эсвэл Хятад ба ОХУ уу? Өмнөд Солонгосыг АНУ, Япон дэмжих нь тодорхой бол харин ОХУ, Хятад ч мөн умардынхныг түрэмгий үйлдэл хийхээс сэрэмжлэхийг оролдох болно. Яагаад гэвэл том гүрнүүдэд одоогоор том дайн хэрэггүй. Саяхан эдийн засгийн хямрал болоод өнгөрсөн нь үүнд нөлөөлж байгаа. Мөн АНУ-д Иран, Афганистанаас гадна гурав дахь халуунцэг хэрэггүй. Ер нь америк хүний амь нас сүйдээгүй цагт энд дайн эхлэхгүй гэж баттай хэлж болно. Хятад ч аль нэгний талд орсонгүй, харин хоёр улсын тэргүүнийг хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай гэж мэдэгдсэн. Гэтэл Иран улс шууд Умард Солонгосыг дэмжсэн. АНУ-ын хувьд Пентагонд хуралдаж, Өмнөд Солонгос руу цэргийн тусламж илгээх төлөвтэй болж ирж байгаа. Түүнчлэн Японы хэт барууны үзэлтнүүд энхийг сахилагчдыг Умард Солонгосын нутагт оруулах санал тавьж байгаа.

Ер нь байдал яаж ч эргэсэн Японд юу ч ногдохгүйг тэд сайн мэдэж байгаа. Хоёр Солонгосын хэн нь ч тэдний холбоотон болохгүй, өмнө нь дарлуулж байснаа мартах болоогүй байгаа. Тэгээд ч солонгосчууд эцэс төгсгөлгүй хоорондоо тулалдаад байвал тэдэнд харин ашигтай байх шүү. Энэтхэгийн хувьд умардынхан цөмийн цохилт хийх вий гэж сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн.

ОХУ одоогоор Солонгосын хойгийн асуудалд оролцохгүй байгаа. Ер нь Оросын Алс Дорнодод цэрэг армийн хүч их сул байгаа учраас тэд мөн л юунд ч нөлөөл ж чадахгүй. Номхон далайн флотоос бараг л нэр нь үлдсэн, мөн цэргийн ангиуд бараг байхгүйтай адил. Дээр нь тус улс хүн ам цөөтэй, ялангуяа Алс Дорнодод оросуудаас бараг хятадууд нь олон гэхэд даваадуулсан болохгүй. Хил орчим дайн дэгдвэл оросуудад их л гай удна даа. Гэхдээ оросууд Солонгосын хойгийн асуудалд их анхаарал тавьж байна, яагаад гэвэл үйл явдал тус улсын Владисвосток хотоос 440 км зайд өрнөж байгаа. Гэхдээ Оросын Геополитикийн Академийн Ерөнхийлөгч Л.Ивашов “Хэн ч, бүр Хятад ч Умард Солонгосыг хамгаалахгүй” гэж мэдэгдэж байна.

Шинжээчид Сөүл, Пхеньяны цэргийн хүчийг тооцоолон гаргалаа


Умард Солонгос урд хөршөө шинэ дайралтаар сүрдүүлж байна. “Хэрэв хоёр Солонгосыг хуваасан Шар тэнгисийн хилийн бүсийг давбал хайр найргүй цэргийн цохилт өгнө” гэж тэд мэдэгдсэн.

Үнэндээ бол Умард Солонгос нь Өмнөдийнхөөс бараг хоёр дахин их цэргийн онгоц, танк, өөрөө явагч зэвсэгтэй. Гэхдээ эдгээр зэр зэвсэг бараг бүгд ёс суртахууны элэгдэлд орсон. Умардын Цэргийн нисэх хүчин голдуу Зөвлөлтийн үеийн МиГ-17, 19, 21 онгоцыг ашигладаг. Мөн цөөн тооны Су-25 бий. Түүнчлэн Зөвлөлтийн хөнгөн амфиби-танк ПТ-76, тэрчлэн Хятадад болон дотоодод үйлдвэрлэсэн танкуудтай. Харин Өмнөд Солонгосын арми хамгийн орчин үеийн зэр зэвсэг, техниктэй. АНУ-аас нийлүүлсэн цэргийн онгоц, танкуудаас гадна тэд дотооддоо ч бас байлдааны техник үйлдвэрлэдэг. Сөүл бараг 500 цэргийн онгоц, вертолеттой, түүний дотор 200 F-5, F-16 сөнөөгч онгоцууд ч бий.

Оросын шинжээч А.Фролов “”Өмнөд Солонгос техникийн болон тооны хувьд Умардаас давуутай. Зэр зэвсгийн орчин үеийн систем, дөрөвдүгээр үеийн байлдааны онгоцууд, танкуудаар хангагдсан. Гэхдээ Умард Солонгосын давуу тал бол өмнөд хөршийнхөө газар нутгийг бүхэлд нь нөмрөх пуужингийн технологи. Өмнөдөд тийм пуужингууд байхгүй. Түүнээс гадна Умардад цөмийн зэвсэг байгаа гэдэг бол өмнөдийн талаар ийм мэдээлэл алга. Умард Солонгос харуулын хэдэн том хөлөг онгоцтой, пуужингийн ба торпедын 150 хөлөгтэй. Мөн Зөвлөлтийн загвараар Хятадад үйлдвэрлэсэн дизелийн 26 усан доогуур шумбагч болон хэдэн арван мини усан доогуур шумбагч бий.

Гэхдээ Сөүлд 200 м урт “Токто” вертолет зөөгч хөлөг бий. Энэ бол тус бүс нутаг дахь хамгийн том цэргийн онгоц юм. Ерөнхийдөө хоёр Солонгосын цэргийн хүчин чадал ойролцоо хэмээн шинжээчид дүгнэж байна. Энэ зөрчил ер нь хоёр Солонгост л ашигтай. Аль аль нь нөгөө талаа дайсагнах үзэлтэй гэж буруутган, хөрш орон руугаа чиглэсэн хатуу бодлого баримтлах гэж тэр. Ингэж л тэд ард түмнээ нэгтгэн нягтруулж, унасан нэр хүндээ сэргээх бодол тээж байгаа.

Тооны хэлээр

БНАСАУ
Умард Солонгосын армийн бие бүрэлдэхүүн 847 мянга, 2770 танк, 2440 хуягт техник, 646 байлдааны онгоц, байлдааны 86 хөлөг, түүний дотор 51 усан доогуур шумбагчтай.

Өмнөд Солонгос ба Япон, АНУ-ын холбоо
АНУ-ын арми энд 30 мянган цэрэгтэй. Хэрэв Солонгосын хойг дээр дайн дэгдвэл тэд нэмж 690 мянган цэрэг, 2000 байлдааны онгоцоо татна. Энэхүү холбоо нийлээд бараг нэг сая цэрэгтэй, мөн 3,5 мянган танк, байлдааны 1000 онгоц, 200 вертолет, 102 хөлөг онгоц, 14 усан доогуур шумбагч бий.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.