Монголын геополитик дахь Солонгосын хүчин зүйл
2010.11.22

Монголын геополитик дахь Солонгосын хүчин зүйл


Энэ жил Монгол Улс БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож, үүнтэй холбогдуулан энэ жилийг "Монгол дахь Солонгосын жил" болгон өргөн дэлгэр тэмдэглэж байна. Аливаа улс орны гадаад бодлого үндэсний ашиг сонирхлоо тэтгэн хамгаалах, бүс нутаг, эдийн засаг, улс төр, боловсрол гэх мэт олон салбар дахь хамтын ажиллагаа буюу түншлэлийг хөгжүүлэх, улмаар хөгжлийн бодлогоо геополитикийн ашиг сонирхол лугаа уялдуулах гэхчлэн олон зорилтыг зэрэг хангах түгээмэл шинж чанартай. Энэ үүднээс судлаач хүний хувьд Монголын геополитик дахь Солонгосын хүчин зүйлийн талаарх зарим бодол эргэцүүллээ тэрлэв.

БНСУ: Монголын жийргэвч бүс

Монгол бол их гүрнүүдийн дунд хавчигдмал байдалтай, алхах хөдлөх тоолондоо тэдний хандлагыг тооцоолохоос өөр аргагүй болдог орон. Ялангуяа үндэсний ашиг сонирхлоо хамгаалахад зайлшгүй гуравдагч улс орны дэмжлэг, хамтын ажиллагаа, хөрөнгө мөнгө "ус агаар мэт" хэрэгтэй байдаг тул "Гуравдагч хөршийн бодлого" гэсэн гадаад бодлогын томьёолол гарч ирсэн. Энэ үүднээс үзвэл БНСУ яах аргагүй манай гуравдагч хөрш.

 

Нөгөөтэйгүүр, олон улсын харилцаанд "Buffer Zone" гэсэн томьёолол буй. Энэ нь аливаа улс орон, бүс нутаг болзошгүй эрсдэлээс бусад улс орныг газарзүйн хил залгаа эс бөгөөс ойр дөт байрлал, нутаг дэвсгэр, оршин тогтнолоороо хамгаалж, дэмжиж байхыг хэлдэг. Энэ үгийг Монголоор "бамбай улс, жийргэвч улс" гэж орчуулан хэрэглэдэг. Их гүрнүүдийн дунд ийнхүү хавчигдангаа өөрөө ч мэдэлгүй их гүрнүүд шууд сөргөлдөхөөс холдуулж, хамгаалж өгөн, их гүрнүүдийн гадаад бодлогын эргүүлэгт орох нь ч буй.

 

Гэхдээ жийргэвч оронд ганц газар зүй, хил хязгаар гэсэн ойлголт төдийгүй, их гүрний эдийн засгийн хавсарга болох, худалдаа, хөрөнгө оруулалтаараа тэрхүү ноёлж буй ганц хоёр их гүрний бүрэн нөлөөнд орохоос ч хамгаалж өгдөг. Дээрх задаргааг энэ сэдэв лүгээ холбон бодвоос БНСУ яах аргагүй Зүүн хойд Ази дахь Монголын жийргэвч бүсийн үүрэг гүйцэтгэж буй, цаашдаа ч ийм үүрэг гүйцэтгэх нь тодорхой.

БНСУ: Монголын дэмжигч түнш

Шилжилтийн гэж нэрлэгдэх өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн бэрхшээл олон монгол айл өрхөд хүндээр туссан. Өнөөг хүртэл ажилгүйдэл ядуурал Монгол орныг нэлд нь хамарсан нийгмийн хурц асуудал хэвээр байна.

 

Тиймээс өнгөрсөн хорин жилд олон монгол хүн мөнгө олж амьдралаа тэтгэхээр дэлхийн өндөр хөгжсөн орнууд, түүний дотор Өмнөд Солонгост ажиллаж хэдэн тэрбумаар тоологдох долларыг гэр орон руугаа гуйвуулсаар ирлээ. БНСУ-ын тал монголчуудад ерөнхийдөө нааштай хандаж үй олон монгол хүнийг ажиллуулсан. Тэдний Монгол руу гуйвуулсан мөнгөн дүн өнгөрсөн 20 жилд Монголын эдийн засгийг ихээхэн дэмжиж, ядуурлыг бууруулах ямар ч төсөл, хөтөлбөрөөс амжилттай хэрэгжиж, Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийн хамгийн том хөрөнгө оруулагч болсон.

 

Түүнчлэн залуучуудад ажил хөдөлмөрт хандах эрүүл саруул хандлагыг төлөвшүүлж буй нь хүмүүжлийн үнэлж баршгүй хувь нэмэр байлаа. Солонгосоос гуйвуулах мөнгөн урсгалын хэмжээ асар их байсан нь Монголын банкууд өөрсдийн салбарыг Солонгост байгуулахад хүргэсэн билээ. Шилжилтийн хүнд үеийг даван туулахад хувь нэмрээ оруулсан БНСУ-ын хандлагыг бид зохих ёсоор үнэлэх хэрэгтэй байгаа юм.

 

Ялангуяа ашигт малтмал олборлох, томоохон боловсруулах үйлдвэр байгуулах гэх мэт хөгжлийг урагшлуулах чиглэлд төрийн бодлогоор Солонгосын айргийн тавд ордог компаниудыг оруулж ирэн, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх нь түншлэлээ бэхжүүлэх эдийн засгийн бодит хамтын ажиллагааны гараа болох учиртай. Ядарч явахад нь мартамгүй тус хүргэсэн хүн хийгээд улс орны ачийг хариулах нь гагц хүмүүсийн хооронд төдийгүй улс орны харилцаанд ч ихээхэн үнэлэгддэг ёс зүй юм. Зөвхөн ШУТИС-иас л гэхэд БНСУ-д урьд жилүүдийг эс тооцвол одоогийн байдлаар 50 гаруй докторант Солонгосын их, дээд сургуулиудад тэтгэлгээр сурч байна. Тэд Монголд нэн чухал уул уурхай, автозам, барилга, мэдээллийн технологи, эрчим хүч, холбоо, компьютерийн технологийн чиглэлээр доктор хамгаалах гэж байна.

 

Мөн МУИС-иас зөвхөн Сөүлийн Үндэсний их сургуульд гэхэд олон арван багш ой мод, биологи эдийн засаг, мэдээллийн технологи, хими, материал судлал гээд нарийн мэргэжлээр докторын зэрэг хамгааллаа. Бакалавр, магиструудыг оруулбал 3000 гаруй хүн гэсэн ихээхэн тоо гарна. Зарим судлаач орчин үеийн Монголын дээд боловсролын суурийг БНСУ тавилцсан гэж үздэг юм билээ. Энэ бүхний хариуд нь бид солонгосчуудаа хусман дээр буулгах гээгүй байлгүй гэж итгэе.

БНСУ: Монголын хөгжлийн загвар жишиг

Монгол Улс өнөөдөр тооцоо судалгаанд үндэслэгдсэн, ирээдүйд чиглэсэн өөрийн хөгжлийн тодорхой загваргүй явж байна. Нэг ёсондоо ардчилал гэсэн усан онгоцонд суусан ч очих газраа мэдэхгүй яваа далайчинтай адил байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр хөгжлийн хүрэх гэсэн ямар нэг тодорхой жишиг алга. Дөнгөж саяхан эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж, ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэнгээ эрүүл мэнд, боловсролын салбараа дэлхийн түвшинд хүргэсэн БНСУ-аас бид цаг алдалгүй суралцах хэрэгтэй байгаа юм.

 

Яг өнөөдөр Монголд нийгмийн хамгийн тулгамдаад буй асуудлуудыг Өмнөд Солонгос ердөө 10-20 жилийн өмнөхөн шийдвэрлэсэн байдаг. Нийгмийн ардчиллыг гүнзгийрүүлсэн, экспортын үйлдвэрлэлийг тууштай дэмжсэн, ядуурлаас ангижирсан гээд том бодлогоос гадна, иргэдээ замын хөдөлгөөний дүрэм сахидаг болгосон, хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нийгэмдээ бий болгосон гээд наад захын туршлагыг сураад хэрэгжүүлээд явчих боломж их байгаа юм. Эдгээр туршлагуудыг зүгээр нэг сонсоод өнгөрөх бус, бүр бодлогын шинжтэй баримт бичиг гарган Сөүл дэх Монголын ЭСЯ-нд чадварлаг мэргэжилтэн ажиллуулан, цаг алдалгүй сурч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 

Ингэж Өмнөд Солонгосын хөгжил, нийгмийн ардчилал, хүнээ хөгжүүлсэн туршлага зэрэг төрийн хар хайрцагны бодлогыг нь манайхан судалж хэрэгжүүлэхийн оронд харин ч бүр муулахаа түрүүнд тавих гээд байдаг болж. Зарим нэг хүн тэртэй тэргүй олон арван мянган хүний харилцаанд хааяа гардаг хэрэг зөрчлийг хэт дэвэргэн, хоёр орны харилцаанд сэв суулган харлуулах зорилготой атгаг санаагаа чөлөөт хэвлэл ашиглан түгээж байгаа нь харамсалтай. Үүний оронд гарч буй хүндрэлийг холбогдох яамд аль болох ужигруулалгүй нүүр тулан уулзах эсвэл видео хурал хийн дор дор нь шийдвэрлэж баймаар. Зарим илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг дэвэргээд байх нь хоёр орны харилцаанд яавч сайн үр дүн авчрахгүй. Эдгээрээс дүгнэхэд, бараг Монгол айл, хамаатан садан болгоноос дор хаяж нэг хүн ажиллаж амьдарч байж шилжилтийн хүнд бэрх үеийг туулахад тусалсан "орон өмнөд солонгосоос өөр байхгүй. Ганц ажилласан бус бизнес худалдаа хийсэн, сурч мэргэжил эзэмшсэн, эмчилгээ хийлгэсэн гээд тоочвол бас л их тоо гарна. Эндээс иргэд хоорондын харилцаа хоёр орны харилцааг өнгөлж тодорхойлж байна гэсэн дүгнэлт хийж болно.

 

Бас хоёр орны харилцаа бол Монголын ардчилсан шинэхэн түүхнээ сэргэн тодорсон онцгой харилцаа болох нь харагдаж байгаа юм. Иргэд хоорондын түншлэл хоёр орны харилцаанд үржил шимтэй хөрсийг бэлдсэн. Одоо харин энэ хөрсөн дээр бодитой бөгөөд далайцтай ямар үйл ажиллагаа өрнүүлэх нь хоёр орны Засгийн газраас шууд хамаарах болчихоод байна. Хоёр орны Засгийн газар ирэх 20 жилийнхээ хүрэх зорилт, хийх ажлаа нээлттэй, илэн далангүй ярилцаж, нэгэнт хүрсэн харилцааны нааштай түвшинг урагш ахиулан хөгжүүлсэн бодит хамтын ажиллагааны их гараанд гарах цаг болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.