Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн лидерүүдтэй уулзав
2009.12.18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн лидерүүдтэй уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын канцлер хатагтай А.Меркельтэй уулзахдаа, саяхан тэмдэглэсэн Монголын Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор монголын ард түмэнд хандаж халуун дотно мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, Монгол-Германы иж бүрэн түншлэлийн харилцааг эдийн засгийн утга агуулгаар баяжуулах талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хатагтай А.Меркель, Монгол Улс ардчилсан замаар тууштай замнаж байгаад баяр хүргэж, ардчиллын 20 жилийн ойн хүрээнд Монгол улсад айлчлах бодолтой байгаагаа илэрхийлэв.

Австрали Улсын Ерөнхий сайд К.Рад, МУ-ыг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар идэвхитэй байр суурь баримталж байгаад талархлаа илэрхийлж, бүс нутаг болон хөгжиж буй орнуудын дунд энэ чиглэлээр цаашид ч идэвхитэй ажиллахыг хүсэлт болголоо. Мөн Монгол-Австралийн харилцааны зарим асуудлаар санал солилцсон юм.


Европын Комиссийн дарга Х.М.Барроссо, өнгөрсөн 9-р сард Нью-Йорк хотноо болсон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран хурал удирдсанаа дурсаж, цаашид ч олон улсын тавцанд энэ чиглэлээр хамтран ажиллахыг урив. Мөн Монгол-Европын холбооны харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Ийнхүү Копенгагений индэр дээрээс байр сууриа илэрхийлж, Монголын зүг дэлхийн анхаарлыг хандуулж чадсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бусад олон орны төр засгийн тэргүүн нар баяр хүргэж, уулзан ярилцаж, харилцан санал солилцож, цаашид олон улсын тавцанд идэвхитэй хамтран ажиллахыг санал болгож байлаа.

Хурлын дараа Копенгагений уулзалтанд оролцож байгаа Төр засгийн тэргүүнүүдэд Данийн хатан хаан Маргрет II, Хунтайж Консорт Хенрих нар хүндэтгэн зоог барилаа.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, зоогийн ширээнд Данийн угсаа залгамжлах Ханхүү Фредерикийн хамт суусан бөгөөд, тэрээр Монгол Улсад хэд хэдэн удаа айлчилж байсан , монголын тухай сайн мэдэх хүн юм. Харин Хунтайж Консорт Хенрих нь франц гаралтай, дипломат мэргэжилтэй бөгөөд, 1967 онд Франц улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдож байсан боловч, Хатан хаан Маргреттэй гэрлэсний улмаас энэ албыг хашч амжаагүй сонирхолтой түүхтэй ажээ.

Хотын төвд орших Кристиансборг харшид болсон энэхүү хүндэтгэлийн зоогийг Данийн телевизүүд шууд дамжуулан үзүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.