2009.11.04

"Дуулдаг" усан оргилуур, хүрэл хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ

Хоёр орны байгаль орчны асуудал хариуцсан сайд шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн анхны зочид болов

Нийслэл хотод нэгэн шинэ цэцэрлэгт хүрээлэн "мэндэллээ". Улаанбаатар зочид буудлын урд, хуучнаар зүүн цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэж байсан 7168 ам.метр талбайг Туркийн олон улсын ТИКА байгууллагын хөрөнгөөр шинэчлэн засварлаж, өчигдөр нээлтийг нь хийлээ. Монгол-Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн долдугаар сараас тохижуулж эхэлсэн бөгөөд Турк улсаас 400, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө гаргажээ.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд,, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Туркийн Байгаль орчин, ойн сайд Вейсэл Эроглу, тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Ахмет Асым Арар болон албаны бусад хүн оролцож тууз хайчлав.

Ахмет Асым Арар "Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хот байгуулагдсаны 370, Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Уг цэцэрлэгт гудамж нийслэлчүүд та бүхний зүг чигээ баримжаалах нэгэн гол газар болоосой, үр өгөөжөө үргэлж өгч байгаасай гэж хүсэж байна. Турк болон Монгол улсын найрамдалт харилцаа урт наслаг гэж ерөөе" гэв.

Тус цэцэрлэгийн тохижилтыг Энх-Ариун-Ундрах компани гүйцэтгэсэн байна. Хүрээлэнд 108 орчны, 78 зүлэгний гэрэл, хажуугаар нь явахад хөгжим эгшиглэдэг усан оргилуур, хүрэл хөшөө, сүүдрэвч, мөн Монгол, Туркийн бэлгэ тэмдэг бүхий хөшөө,модон сандал зэргийг суурилуулжээ. Түүнчлэн цэцэрлэгийг 24 цаг хянах зорилгоор найман ширхэг хяналтын камер суурилуулж, харуулын байр барьжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.