Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн Сайд нарын 8 дугаар бага хурал боллоо
2009.10.23

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн Сайд нарын 8 дугаар бага хурал боллоо

Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн Сайд нарын 8 дугаар бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд хөтөлбөрийн гишүүн орнууд болох Афганистан, Азербайжан, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекстан улсын сангийн сайд, дэд сайдаар тэргүүлсэн төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын Валютын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Исламын хөгжлийн банк, Нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөр зэрэг хөтөлбөрийн гишүүн олон улсын байгууллагын төлөөлөгчид, түүнчлэн Японы олон улсын хөгжлийн агентлаг, нэгдсэн үндэсний Европын эдийн засгийн хороо, Нэгдсэн үндэсний Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн хороо, Дэлхийн гаалийн байгууллагын төлөөлөгчид нийт 160 гаруй хүн оролцов. Ажиглагч орноор Бүгд найрамдах Турк улс, Исламын бүгд найрамдах Иран Улс, ОХУ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Хурлыг Сангийн сайд С.Баярцогт, Азийн хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгч Сиаою Жао нар хамтран удирдан явууллаа.

Энэхүү хурлыг хөтөлбөрийн гишүүн орнууд ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ оны уулзалт, хурлуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.
Энэ удаагийн сайд нарын бага хурлаар хөтөлбөрийн гол салбарын нэг болох эрчим хүчний стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон хөтөлбөрийн үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлтүүдийг батлав. Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны төлөвлөгөө нь бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг гишүүн орнуудад нээн өгч байгаа юм.
Тус хөтөлбөрийн Зам тээвэр, худалдааг хөнгөвчлөх стратегийг Сайд нарын 6 дугаар бага хурлаар баталсан бол Эрчим хүчний стратеги, Худалдааны бодлогын стратеги, Зам, тээвэр, худалдааны бодлогын стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Сайд нарын 7 дугаар бага хурлаар баталсан билээ. Ингэснээр хөтөлбөрийн бодлогын стратегийн бичиг баримтуудыг боловсруулах үйл ажиллагаа дуусгавар болсон бөгөөд гишүүн орнуудын хувьд тэдгээрийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үе шат ирээд байгаад талууд санал нэгтэй байна.

Сайд нарын 8 дугаар бага хурлыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Х.Курода нар нээж, бүс нутгийн хэмжээнд худалдааг хөнгөвчлөх, зам тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх (Чойр-Замын-Үүд чиглэлийн автозамыг барих) төсөл”, “Гаалийн шинэчлэлийн төсөл”, “Баруун бүсийн авто замыг хөгжүүлэх (Ярант-Улаанбайшинт чиглэлийн автозамыг барих) төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Замын Үүдийн логистикийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.