Их гүрнүүдийн өрсөлдөөн Монголд Орос, Хятад, Америкийн аль нь бэ?
Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монгол Улсад наймдугаар сарын 25-26-нд айлчилсан билээ. Түүний Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой хийсэн хэлэлцээрийн үеэр Монголын өрийн асуудлыг зохицуулах, уран олзворлох хамтарсан үйлдвэр байгуулах, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Өнөөдөр "Монгол нь дэлхий дээрх хамгийн хараат бус орон, учир нь түүнээс юу ч шалтгаалдаггүй" гэсэн ёжлол зохимж муутай сонсогдох болжээ. Хэрэг дээрээ Монгол Улс нь ОХУ, Хятад, Америкийн нөлөөгөө тогтоох өрсөлдөөний талбар болоод байна.
Вашингтонд Монголыг Ази дахь ардчиллын нэгэн гол түүчээ гэж үздэг бол Кремль үүнийг нь нэг их урам зоригтой хүлээж авдаггүй. Асар их эрдэс баялгийн нөөц, геополитикийн байршил зэрэг нь энэ улсыг бизнесийн ашиг сонирхлоос гадна бүс нутаг дахь цэрэг стратегийн тэнцвэрийг хангах чухал элемент болгож байгаа юм. Хятадууд Монголд нүүрс олзворлохыг ХҮСЧ байгаа, учир нь энэ орны эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээ давамгайлдаг. Хэдийгээр олон улсын байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Хятадууд нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд барьсаар байгаа юм. Үүнээс гадна Монголын ураны баялаг нөөц ч Дундад Улсын сонирхлыг татаж байгаа.
Оросын Монгол дахь ашиг сонирхол ч илэрхий байна. Оросын Ерөнхий сайд Путин тавдугаар сард, Ерөнхийлөгч Медведев саяхан Монголд айлчлахдаа энэ орны уран, зэс, алтны нөөцөд хяналтаа тогтоохоос гадна бодит хамтарсан үйлдвэрүүд, зээл тусламжийг "барууны" ардчилалд сөргүүлэн тавих зорилго тавьсан. Гэхдээ тэр зээл тусламжийг чухам хэн, хаана, яаж "таллах", тэр хамтарсан үйлдвэрүүдийн үр шимийг хэн хэрхэн хүртэхийг хэн ч мэдэж чадахгүй өнгөрөх болов уу.
"РЙА Новости" агентлагийн мэдээлснээр ОХУ болон Монгол Улс байгалийн уран олзворлох хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцсон. Тухайлбал, "ОХУ нь Монгол Улсын хувьд ураны салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан анхны орон болл
оо. Энэ бол улс төрийн хувьд чухал дохио юм" гэж "Росатом" төрийн корпорацийн тэргүүн Сергей Кириенко мэдэгдсэн. Орос Монголын хамтарсан энэ үйлдвэрийн олзворлох ураныг экспортлох боловч ОХУ-д нийлүүлэхгүй. Учир нь ОХУ-ын хувьд 1.0 сая тонноос давсан ураны нөөц нь бүрэн хүрэлцээтэй. Миний бодлоор Азийн зэргэлдээх зах зээлүүдэд шаардагдах Монголын стратегийн нөөц баялгийг хяналтдаа авах эрмэлзэл л Кремлийн хувьд гол сэдэл нь юм. Эдгээр нөөцөд хүрэх түлхүүр нь чухамдаа Москвагийн аль Зөвлөлт засгийн үеэс хамтарсан үйлдвэр гэдгээр дамжуулан хяналтдаа байлгаж ирсэн төмөр зам юм.
Гэвч Монголын өр болон тус орны хөдөө аж ахуйд зориулсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийн асуудал бүрхэг, ил тод бус байгаа юм. Монгол Улсын өр 150 сая доллар байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжоор Улаанбаатарын зүгээс өмнөх өрөө барагдуулахгүйгээр шинээр зээл авах боломжгүй гэж Оросын тал мэдэгдсэн.
Монголын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2004 онд өрийн асуудлаар хэлэлцээр хийж байх үед дээр дурдсан мөнгийг Монгол, Оросын хамтарсан "Монголросцветмет" үйлдвэрт оруулахыг түүнд санал болгосон байдаг. Гэтэл тэрбээр эх орондоо ирээд оросуудыг Монголын бүх өрийг өршөөхийг ятгаж чадсан гэж удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд түүний энэ амжилт нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нөлөөлсөн. Тэгвэл Д.Медведев ОХУ, Монгол Улс нь өрийн үлдэгдлийн асуудлыг удалгүй шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн.
АНУ ч гэсэн мөн л төмөр зам, эрдэс баялгийн хөзрөөр "тоглох" гэж оролдож байгаа. Монголын төмөр зам нь Америкийн “Мянганы сорилтын сан” (МСС) хөтөлбөрийн хүрээнд 300сая ам долларыг их засварт зориулан авах эрх авсан. Тэгвэл энэхүү хөрөнгө нь Монголын төмөр замын сүлжээнд үзүүлэх Вашингтоны нөлөөг хүчтэй болгох эрсдэлтэй учир Москва энэ мөнгийг авахгүй байхыг монголчуудаас хүссэн. Харин монголчууд хойд хөрштэйгөө тогтоосон төмөр замын хамтын ажиллагаагаа хадгалж үлдэх үүднээс МСС-ийн хөрөнгийг өөр төслүүдэд шилжүүлэх хүсэлт тавиад байгаа.
Монголын хувьд АНУ-ын тэтгэлгийг хүртэх үү, эсвэл ОХУ-ын зээл тусламжийг авах уу гэсэн сонголт байгаа энэ үед Кремлийн зүгээс өөрийгөө хамгийн сайн "сүйт залуугаар" харуулах гэж хичээх хэрэгтэй болоод байна.
Хоёрын хоёр америк диплом өвөртөлсөн (Колорадо, Харвардын их сургуулиуд) Элбэгдоржтой "янаг амраг" болоход хэцүү л байх болов уу. Гэхдээ дээд боловсролын анхны дипломоо тэрбээр Львовын Цэрэг, улс төрийн сургуулиас 1988 онд авсан байдаг. Тэгэхлээр түүний эдгээр дипломуудын аль нь хүчтэй "хөзөр" болохыг харах л үлдээд байна.
АНУ Монголын аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй
Дээрх нийтлэлд хариу болгон "yaromirhladik нэрээр интернетэд бүртгүүлсэн нэгэн уншигч дараах зүйлийг бичжээ.
-"Улаан" Хятад болон өнөөгийн ОХУ нь Монголд "зүгээргүй" ханддаг нь мэдээж ойлгомжтой. Бээжин аль эртнээс, бүр ЗХУ-ын үед ч Монголыг харсаар байсан. Ямар сайндаа л хан үндэстэн өөрийн нэг мужаа "Өвөр Монгол", өнөөгийн Монголыг "Гадаад Монгол" гэж байхав.
Монголын "сэтгэлийг" татах гэж АНУ ч өрсөлдөж байна гэснийг уншаад үнэндээ гайхлаа. Ноён А.Коэны тавьж буй учир холбогдлыг ойлгож байна л даа. Гэхдээ Монголын цэрэг дайны аюулгүй байдлын баталгаа нь өмнө нь ЗХУ байсан бол одоо ОХУ байгаад учир байгаа юм. ОХУ нь Монгол Улсын цэрэг дайны аюулгүй байдлын баталгаа болохгүй гэж үзвэл саяхан Непалд болсон үйл явдал давтагдаж болох юм гэсэн таамаг надад төрж байна. Тэнд Бээжинг баримтлагч зэвсэгт дайчид гарч ирээд Непалыг шууд л улайм цайм эзлээд авсан. Үүнтэй холбогдуулан албан ёсны Бээжин өөрийн оролцоог үгүйсгэсэн. Гэхдээ хаа байсан Непалын ууланд Бээжинг баримтлагч зэвсэгт ангиуд гараад ирлээ гэхээр нэг л сонин санагдаад байгаа юм.
Монголын аюулгүй байдлын баталгаа нь "улаан" Хятадын өмнө ОХУ болж байгаа. Тэгвэл АНУ ийм баталгаа болж чадахгүй. Иймээс Монгол Улс АНУ-тай үүрэг хүлээн найрамдахгүй. Янз бүрийн бизнесийн хэлцлүүдийн хувьд бол тэдгээр нь Монголын төрийн байр суурьд яагаад ч нөлөөлөхгүй. Миний бодлоор Монголыг ч тэр, Энэтхэгийг ч тэр Москва болон "улаан" Хятадын хооронд үүсэж болох эвслийн тухай яриа түгшээдэг ч одоогоор тийм эвсэл алга. Иймээс Монгол Улс нь хэзээд Оросыг сонгохоос АНУ-ыг сонгохгүй.
Ерөнхийлөгч Клинтон Америкийн цэргийг Өмнөд Солонгосоос гаргана гэж амлаж байсан. Ийм юм болбол Пхеньян шууд л довтлох нь ойлгомжтой. Мэдээж үүнийг Клинтоноос бусад нь ойлгож байгаа. Тэгвэл Обама үүнийг залруулж байх шиг. Гэхдээ тэрбээр бас л Эрх чөлөөг баримтлагч нэг их олон хүнд урам зориг өгөхгүй л байна. Монгол Улс үүнийг мэдээж хэрэг тооцож л байгаа.
АНУ-ын Монгол дахь төрийн нөлөө үнэндээ байхгүй, Америкийн өөрийнх нь бодлогын мөн чанараас үүдэн байх ч боломжгүй гэж бодож байна. Зөвхөн хоёр гүрэн Орос болон "улаан" Хятад л Монголд бодитоор нөлөөлж чадна. Гэхдээ энэ нь бизнесийн компаниудад бизнесийн янз бүрийн гэрээ хэлцэл байгуулахад нь ердөө ч саад болохгүй бөгөөд хувийн ажил хэргийн ашиг сонирхлоос цааш хэтрэхгүй.