Хятадын хөлөө норгох газарт өөр улс живж ч магадгүй шүү хэмээн хятадууд сүрдүүлж байна
Солонгосын хойгийн байдал түгшүүртэй хэвээр байгаа. Ер нь энэ хойгийг Азийн дарьтай торх гэхэд хэтрүүлсэн болохгүй. Гэтэл үүн дээр нэрмээс болох гэсэн мэт Өмнөд Солонгос байлдааны сум ашиглан, цэргийн сургуулилт хийж эхэллээ. Цөмийн зэвсэгтэй Пхеньян өмнөд хөршдөө цохилт өгнө хэмээн анхааруулсаар байхад өмнөдийнхөн зөрүүдэлж төлөвлөгөөгөө хэрэгжүүл байгаа нь тус бүс нутагт дайн дэгдээх магадлалтай хэмээн олон улсын шинжээчид сэрэмжлүүлж байгаа. Энд АНУ шахалт дарамт үзүүлсэн нь тодорхой. Яг одоо умардчууд сүрдүүлснийхээ дагуу Өмнөдөд цохилт өгөөгүй байгаа ч байдал яаж эргэхийг хэн мэдэх билээ. Үйл явдал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Энэ эгзэгтэй үед Умард Солонгост нөлөөлөх чадвартай ганц орон болох Хятадын байр суурь дэлхий нийтийн анхаарлыг татах нь аргагүй. Хэдийгээр Хятадын эрх баригчид сайхан манж үг хэлэн, нөхцөл байдлыг намжаах арга хэмжээ авч байна гэж мэдэгдэж байгаа боловч тус улсын хэвлэл мэдээллийнхэн өөр бодолтой байна. Тухайлбал Хятадын "Global Times" сонины редакцийн нийтлэлд “Өш хонзон өвөрлөсөн Өмнөд Солонгосыг АНУ байнга дэмждэг нь Солонгосын хойгийг дайны ирмэгт аваачлаа. Ёнпхендо арлын ойролцоо байлдааны сум ашиглан хийж буй их бууны ангийн хээрийн сургуулилтад Умард Солонгосын барих хариу үйлдлийг урьдчилан таамаглах амархан. Өмнөд Солонгос энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцад цэргийн том мөргөлдөөн, дайн дэгдэх магадлалтай” хэмээн бичжээ.
Дайн бол үйл явдлын өрнөлийн хамгийн муу хувилбар. Мэдээж, хоёр тал харилцан улстөрийн мэргэн ухаан гаргаж, тэвчээртэй хүлээцтэй байж чадахгүй бол дайн гарах магадлал маш өндөр. Олон сая солонгосчууд өртөж болзошгүй ийм дайн дажныг нийгмийн тодорхой хэсэг алга ташин хүлээж авах байх. Гэхдээ ийм ухаангүй үйлдэл нь хоёр Солонгосын алинд ч огт ашиггүй бөгөөд утгагүй бардамнал юм.
“Иймээс Зүүн Хойд Азид үзүүлж буй АНУ-ын нөлөөг хариуцлагатай гэж хэлж боломгүй. Тэр бүү хэл АНУ энд гаж, согогтой үүрэг роль гүйцэтгэдэг” хэмээн тус сонин шүүмжилжээ. Америкчууд дэлхийн олон нийтийн өмнө энхийг сахиулах нэрээ хадгалж үлдэхийн тулд Пхеньян руу өөрийн тусгай төлөөлөгчөө илгээсэн. АНУ-ын Нью-Мексико мужийн амбан захирагч Билл Ричардсон Умард Солонгост айлчлах үеэр энэ улсын албан ёсны төлөөлөгчид өмнөд хөршийнхөө Батлан хамгаалахын сайдын талаар “Тэр бол маньяк, дайн дэгдээхийг оролдогч” хэмээн муулжээ. Гэтэл АНУ ба Өмнөд Солонгосыг холбоотон гэдгийг бүгд мэднэ.
Америкчууд наанаа энхийн төлөө мэт байгаа ч цаанаа байлдааны сум ашигласан энэхүү хээрийн сургуулилтыг дэмжиж байгаа нь Умард Солонгосыг өдөөн хатгаж буй хэрэг юм. “АНУ өөрөө Өмнөд Солонгосыг хамгаалж байгаа гэж мэдэгддэг боловч үнэндээ тэд Өмнөд Солонгост аймшигтай хор хохирол учруулж магадгүй байна” гэж хятадууд үзжээ.
Солонгосын хямрал даамжирч, энэ бүс нутагт зэр зэвсгээр хөөцөлдөж байгаа нь Хятад, Оросын алинд ч сөрөг мэдээ. “Гэхдээ хоёр Солонгосын харилцаа муудсаны хариуцлагыг АНУ л хүлээнэ. Учир нь Солонгосын хойгийн байдлыг түгшүүртэй байлгах нь америкчуудыг “Азид эргэж ирэх” сайхан шалтаг болох юм. Зүүн Хойд Азид сөрөг нөлөө үзүүлж буй АНУ-ын үүрэгт анхааралтай хандах цаг боллоо” гэж Хятадын "Global Times" сонины редакци нийтлэлдээ онцолсон байна. Тэр бүү хэл хятадууд “Энэ эгзэгтэй мөчид буюу дайн ба энхийн аль нэгийг сонгох үед Азийн орнууд хүйтэн дайны үеийн байр сууриа таягдан хаяж, сэтгэл зүрхэндээ энэ бүс нутгийнхаа ашиг сонирхлыг хадгалах ёстой” хэмээн сургамж айлджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Нобелийн энхийн шагналтан гэдгийг бүгд мэднэ. Үүнтэй уялдуулан "Global Times" сонин “Обама дайн дэгдэхээс сэргийлэх гэж оролдох ч үгүй байна. Гэхдээ хэрэв Обама Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, 2 дахь удаагаа Цагаан ордонд суух үед Солонгосын 2-р дайн эхэлбэл түүний энхийг сахиулагч хэмээх нэр алдарт толбо суухгүй гэж үү” гэж асууж байна.
Ер нь Хятад, АНУ яаж ч авирласан, ямар ч үйлдэл хийсэн Өмнөд Солонгос хамгийн гол нь эрүүл ухаанаа хадгалах хэрэгтэй. Яагаад гэвэл хэрэв Солонгосын хойгт дайн эхэлбэл хамгийн том гарз хохирлыг чухамдаа Өмнөд Солонгос л үүрнэ. Өмнөд Солонгосыг АНУ, Япон хичнээн дэмжсэн ч, мөн Хятад, Орос энэ улсыг хичнээн их өрөвдсөн ч эдгээр орны аль нь ч өмнөдсолонгосчуудын өмнөөс алдагдал хүлээхийг хүсэхгүй. Үүний зэрэгцээ өөр нэг том асуудал бий, учир нь Өмнөд Солонгос улс юу ч болж байсан, ямар ч алхам хийсэн дангаар Солонгосын хойгийг нэгтгэж, нэгдмэл улс байгуулж чадахгүй билээ.
Хятадууд мөн умардчуудад ч зөвлөгөө өгчээ. “Умард Солонгос улс ямар ч дайн тэднийг өнөөгийн хүндрэлтэй байдлаас нь татан гаргаж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Умард Солонгостой хэлэлцээр хийх, мөн бусад оронтой харилцаагаа сайжруулах нь Умардад хичнээн хүнд байсан ч үүнээс өөр арга тэр улсад байхгүй” хэмээн тус сонин бичжээ. Энэхүү нийтлэлд Хятадын нийгмийн тодорхой давхаргын байр суурийг гаргасан гэж үзэж болно. Яагаад гэвэл эдийн засгийн хүчин чадлаа цэргийн машин болгоход зориулж байгаа энэ улсын нөлөө бүхий том сонины нэг болох "Global Times" нь хүн амынхаа нилээд хэсгийн үзэл санааг илэрхийлдэггүй байж болох ч ард иргэдийнхээ толгойг нь угааж, өөрийн байр суурийг тулган хүлээлгэдэг гэхэд хилсдэхгүй. Иймээс тус сонин “Солонгосын хойг дээр том хямрал дэгдэх нь Хятадад огтхон ч хэрэггүй. Гэхдээ гадны аливаа өдөөн хатгалгаас айж ухрах нь бидний заншил биш. Нэг зүйлийг сануулахад Хятадын хөлөө норгосон газарт өөр хэн нэг нь живж ч магадгүй шүү” хэмээн сүрдүүлж байна.