Хятад өөрийн холбоотон Умард Солонгосыг өлсгөлөнгөөс аврах төдийгүй батлан хамгаалах салбарыг нь бэхжүүлнэ
2011.05.25

Хятад өөрийн холбоотон Умард Солонгосыг өлсгөлөнгөөс аврах төдийгүй батлан хамгаалах салбарыг нь бэхжүүлнэ

ОХУ-ын шинжээч С.Балмасовын нйитлэлийг товчлон хүргэе.

Умард Солонгосын төлөөлөгчид Хятадад олон өдрийн, нууцлаг VIP айлчлал хийж байна. Айлчлалын зорилгын талаар олон таамаглал дэвшүүлсээр. Хятад улс Умард Солонгосын хувьд маш чухал ач холбогдолтой учраас эцэг Ким өөрийн залгамжлагчийг хятадуудад танилцуулахаар авч ирлээ гэж нэг хэсэг нь үзэж байхад Хятадын "Хуаньцю шибао" сонин тэднийг эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийн туршлагыг судлахаар ирсэн гэв.


Ер нь Умард Солонгосын дарангуйллын дэглэм олон талаар Хятадын дэмжлэгээр оршин тогтнож байдаг. Өнөөдөр Умард Солонгосын хувьд Хятад бараг бүх салбарт давамгайлах үүрэг гүйцэтгэж байна. Бээжин бол Пхеньяны цэрэг-дипломат албаны гол холбоотон, мөн санхүүгийн донор, худалдаа-эдийн засгийн түнш билээ. Түүнчлэн зарим мэдээгээр умард солонгосчууд Хятадаас хүнсний тусламж хүсч ирсэн гэж байгаа. Хоёр сарын өмнө НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчид “Умард Солонгост багаар бодоход 434 тонн хүнс шаардлагатай. Энэ орны 24 сая хүн амын 1/4 нь өлсөж байгаа” гэж мэдэгдсэн. Дашрамд дурдахад Өмнөд Солонгос өнгөрсөн оны зөрчлөөс болоод хөршдөө үзүүлдэг тусламжаа эрс багасгасан юм.


Умард Солонгос 1953 оны эвлэрлийн дараа голдуу уулын олборлох бүсүүдийг гартаа авсан. Иймээс нийт газар нутгийн ердөө 20 % нь хөдөө аж ахуйд ашиглах боломжтой аж. Өөрөөр хэлбэл нэг иргэнд зөвхөн 0,12 гектар ногддог. Энэ нь Европын орнуудтай харьцуулахад 3-4 дахин бага юм. Эдгээр хүчин зүйлийн улмаас, мөн үер, бороо зэрэг байгалийн гамшиг нүүрлэхэд л Умардад өлсгөлөн нүүрлэдэг. Харин Хятад улс энэ бүхэнд тусалсаар ирсэн. Жишээлбэл зөвхөн 2008 онд хоёр орны гадаад худалдааны эргэлт 2,8 тэрбум доллар болсноос худалдааны профицит (1,3 тэрбум доллар) нь Умард Солонгост ашигтай гарсан байна. Товчоор өгүүлэхэд сүүлийн жилүүдэд Хятад улс нь Умардын эдийн засгийн гол түнш болсон.


Айлчлал Хятадын талын санаачлагаар болсон бөгөөд бүр өнгөрсөн оны 10-р сараас л түүнд бэлдэж эхэлсэн юм. Үүний шалтгааныг шинжээч В.Хурсталев “Хятад улс өөрийн стратегидаа эрсдэлийг бууруулах байр суурийг баримталдаг. Үүнтэй холбоотойгоор хятадууд байгаа бүхнээс дээд зэргээр ашиг гаргахыг хичээдэг. Одоохондоо Умард Солонгостой харьцаагаа хөгжүүлэх нь эерэг үр дүнтэй байгаа.

1-рт: Умард Солонгос нь нэг ёсондоо бүс нутаг дахь АНУ-ын холбоотнууд ба Хятадын завсрын, жийргэвч бүс. Умардад өнөөгийн дэглэм оршин буй цагт Бээжингийн хувьд Солонгосын хил дээр амар тайван байна. 2-рт: Энэ нь олон улсын тавцан дээр Хятадад чухал давуу талуудыг өгч байгаа. Хэрэв Солонгосын хойгт байдал хурцадвал зөвхөн Хятад улс л Умардад бодитоор нөлөөлж чадах юм. Ямар ч гэсэн Хятадын байр сууриас олон юм хамаарна, үүнийг бүгд зөвшөөрч байгаа. 3-рт: Эдийн засаг. Хятад бол том худалдааны түнш төдийгүй амин чухал анд.Тэгээд ч Умардын нутаг дээр хятадуудад хэрэгтэй өнгөт болон ховор металл зэрэг түүхий эдийг олборлодог” гэж тайлбарлаж байна.


Нууцлаг айлчлалын тухай ярихдаа дэлхий дахины үйл явдлыг мартаж болохгүй. Арабын орнуудад өрнөж байгаа “хувьсгалууд” нь Умард Солонгос болон Хятадын аль алины санааг зовоож, түгшээж байгаа. Умард Солонгостой цэргийн салбар дээр идэвхтэй хамтран ажилладаг Сири улсад байдал тогтворгүй байгаагаас гадна “арабын асуудал” Алс Дорнод, түүний дотор Умард Солонгост “халдварлах” магадлалтай байна.


Иймээс Хятад-Умард Солонгос улсууд “Х цаг” ирэхэд хэрхэн хамтран ажиллах талаар нууц гэрээ, хэлэлцээр хийхийг ч үгүйсгэхгүй. Умард Солонгосын өнөөгийн байдал Хятадын талд ашигтай байгаа учраас Бээжин тодорхой нөхцлүүдийн үндсэн дээр умард хөршийнхөө батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд тусалж магадгүй юм. Энд Пуужинг эсэргүүцэн хамгаалах системийг сайжруулах, түүний дотор Пхеньянд Хятадын “ЗРК С-300”-г нийлүүлэх талаар яригдаж болзошгүй.


Гэхдээ айлчлалын үеэр нэг сонин юм ажиглагдсан. Хятадын Гадаад хэргийн яам Умард Солонгосын удирдагчийн айлчлал дууссаны дараа тэр талаар олон нийтэд мэдэгддэг. Үүнийгээ уламжлал болон талуудын ашиг сонирхолтой холбон тайлбарладаг. Гэтэл энэ удаа Хятадын “Хуаньцю шибао” зэрэг сонин анх удаа дүрмээ зөрчин, Ким Чен Ирийг эх орондоо хариагүй байхад олон нийтэд уг айлчлалын талаар мэдээлсэн. Харин Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг, “MBC” теле сувгийн мэдээллүүд эсрэг тэсрэг байгаа. Зарим нь Ким Чен Ирийн хүү Ким Чен Ун бие даан анхны гадаад айлчлалаа хийж явна гэсэн бол өөр эх сурвалж эцэг Ким төлөөлөгчдийн багийг толгойлсон гэжээ. Ямар ч гэсэн Умард Солонгосын төлөөлөгчдийн баг өөрийн улстай нь хиллэдэг Хятадын Цзилинь мужийн хөрөнгө оруулалтын том төслүүдтэй танилцжээ. Энэ муж нь хоёр орны хил орчмын бүсэд эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд их үүрэг гүйцэтгэнэ гэж талууд тооцоолж байгаа аж. Дараа нь умардсолонгосчууд Шанхай, Бээжинд очих бололтой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.