Ливи дэх Хятадын ашиг сонирхол
2011.06.10

Ливи дэх Хятадын ашиг сонирхол

-Хятадууд Ливи улсад 50 төсөлд нийт 18,8 тэрбум доллар оруулсан учраас их алдагдал хүлээж байна-


Ливийн Гадаад хэргийн сайд Абдул-Ати аль-Обейди Бээжинд айлчилж байна. Тэрбээр тус улсын тэргүүн Муаммар Каддафийн эсрэг зогсч байгаа Ливийн үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгчидтэй холбоо тогтоохыг Хятадын эрх баригчид албан ёсоор зөвшөөрсний дараахан энэ улсад хүрэлцэн ирсэн билээ.


Ливийн тэнгэрт нислэггүй бүс бий болгон, тус улсад цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн НҮБ-ын тогтоолыг батлах үед Хятад улс түдгэлзсэн. Гэхдээ хятадууд сүүлийн долоо хоногуудад Ливид цэргийн ажиллагаа явуулж байгаа орнуудыг “Хэт их хүч хэрэглэж байна” хэмээн бүр хүчтэй шүүмжлэх болсон юм. Энэ нь Хятад улс Ливийн зөрчилд прагматик байр суурьтай хандаж байгаатай холбоотой.


Хятадын "Жэньминь жибао" зэрэг сонинд “Ливийн хямралын улмаас алдсан гарз хохирлыг Хятад улс яах вэ” гэсэн гарчигтай нийтлэлүүд хөвөрсөөр. Энэ ч аргагүй, хятадууд Ливид асар их хөрөнгө оруулсан. Нийт 50 төсөлд 18 тэрбум 800 сая долларын хөрөнгө хаясан учраас одоо Ливийн активуудыг “зогсоосон” явдалд сэтгэл их зовинож байгаа. Одоо Ливийн өр зээлийг хэн ч төлөхгүй. Ливийн босогчид, сөрөг хүчин хамтран ялалт байгуулбал өмнөх гэрээ хэлэлцээрийг биелүүлэхгүй л болов уу. Иймээс л хятадууд өнөөдөр Ливийн сөрөг хүчин болон өмнөх дэглэмийн эрх баригчдын аль алинтай холбоотой байгаа юм. Ийм ч учраас Каддафи эвлэрүүлэх асуудал дээр Хятадаас тусламж хүсэн, Гадаад харилцааны сайдаа илгээсэн. Каддафийн бие төлөөлөгч Абдул-Ати аль-Обейди Бээжин хотод Хятадын Гадаад харилцааны тэргүүн Ян Зэ Читэй уулзаж, босогчдод хандан гал зогсоох хүсэлтийг нь дамжуулахыг хүсэв. Хятадын Гадаад харилцааны сайд “Дайсагнагч талуудын хувьд эвлэрэх хэрэгтэй. Мөн цаашид Ливид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал зогсохоос сэргийлбэл зохино. Зөрчлийг зөвхөн дипломат аргаар шийдэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Хэлэлцээр үргэлжилсээр байна. Хятадууд асар их мөнгөө зүгээр тавиад туучихгүй байх арга олж л таарна.


Яг энэ мэдэгдэлтэй зэрэгцэн, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Ливи дэх цэргийн ажиллагаагаа зогсоох гурван болзлыг тавилаа. Энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэх, босогчдын эсрэг тэмцэж байгаа Засгийн газрын бүх цэргийг буцааж татах, хүмүүнлэгийн ачааг хүргэх тээврийн хэрэгслээр хангах гэсэн энэ 3 шаардлагыг Ливийн тэргүүн Муаммар Каддафи болон түүнийг дэмжигчид хүлээн авахгүй нь тодорхой. Иймээс Ливийн зарлаагүй дайн үргэлжлэх төлөвтэй.


Энд нэг асуулт гарч ирж байна. Хэрэв Бээжин Каддафийн дэглэмтэй ийм том эдийн засгийн холбоотой байсан бол яагаад Ливийн тэнгэрт нислэггүй бүс байгуулах тухай НҮБ-ын тогтоолын эсрэг  зогсоогүй юм бол? Үнэндээ тус тогтоолыг гаргах үеийн нөхцөл байдал илүү төвөгтэй байсан бололтой. Учир нь энд Хятад, АНУ хоёр улсын харилцааны асуудал хөндөгдсөн юм. Нэгдүгээрт: Хятад улс тэр үед АНУ ба Европын орнуудын эсрэг шууд, ил тодоор сөрөг зогсохыг хүсээгүй байх. Хоёрдугаарт: Каддафийн дэглэм тогтворгүй, удахгүй унах байх гэж Хятад улс дүгнэсэн бололтой. Тэгээд Каддафийг унасны дараа нөхцөл байдал тогтворжиход эдийн засгийн алдагдлаа хамгийн бага түвшинд барьж, эргээд нөхнө гэж төлөвлөсөн байх. Гэтэл ийм юм болсонгүй, асуудал шийдэгдэхгүй удааширсаар байна.


НҮБ-ын энэ тогтоолыг гарсны дараах эхний долоо хоногуудаас эхлээд л Хятад “Өрнөдийн орнууд хэтэрхий их хүч хэрэглэж байна. НҮБ-ын тогтоолын хүрээнээс хальж гарлаа” хэмээн шүүмжилж, талуудыг эвлэрүүлэхийг оролдсон мэдэгдэл гаргасан. Нэмж өгүүлэхэд ОХУ хэдийгээр НҮ-ын тус тогтоолын үеэр түдгэлзсэн ч одоо байр суурь нь өөрчлөгдөж, өрнөдийн орнуудыг шүүмжлэх болсон билээ.


Харин одоо байдал өөрчлөгдөхгүй, удааширч байгаад Бээжин дургүйцлээ илэрхийлсээр байна. Дашрамд дуулгахад Хятадын эх сурвалжууд дээрх асуудлын талаарх өөрийн улсын байр суурийг байнга ОХУ-ынхтай харьцуулдаг. “ОХУ мөн Ливитэй олон гэрээ хэлэлцээр хийсэн. Ялангуяа эрчим хүчний салбар. Иймээс оросууд ч том алдагдал хүлээнэ” гэж тэд мэдэгдэж байна. Гэвч ОХУ-ын алдагдал Хятадын дэргэд юу ч биш. Тэгээд ч ОХУ нь эрчим хүч импортлогч учраас нефтийн үнэ өсч байгаа өнөө үед Хятадаас бага гарз хохирол амсах юм. Тэгэхээр Ливи рүү дайрсан өрнөдийнхөн Хятадын эдийн засагт маш хүнд цохилт өгч байгаа хэрэг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.