Монгол улс дэлхийн дөрөвний нэгийг хамарсан чөлөөт бүсийн голд оршино
2011.09.09

Монгол улс дэлхийн дөрөвний нэгийг хамарсан чөлөөт бүсийн голд оршино


-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага чөлөөт худалдааны бүс байгуулна-


Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын зарим өндөр албан тушаалтан, шинжээчид бүс нутагтаа чөлөөт худалдааны асар уудам бүс байгуулах санаачилга гаргалаа. Тус чөлөөт бүс нь дэлхийн газар нутгийн дөрөвний нэгт худалдааны харилцааг хөгжүүлэх аж.

Сонирхолтой нь манай Монгол улс дэлхийн дөрөвний нэгийг хамарсан тэрхүү өргөн уудам нутгийн яг голд оршин буй. Тэгэхээр манайхыг тойрон худалдааны чөлөөт бүс нь байгуулагдаж магадгүй бололтой. Монгол нь тус байгууллагад ажиглагчийн статустай билээ. Хэдийгээр өмнө нь манай урд болон хойд хөршийн зарим шинжээч Монголыг ШХАБ-д элсүүлэх талаар дуугарч байсан ч сүүлийн хуралдаан дээр энэ асуудал хөндөгдөөгүй.

 

НАТО хэмээх дэлхийн хамгийн том цэргийн эвсэлтэй өрсөлдөхүйц хүчтэй, цорын ганц байгууллага гэж шинжээчид, тоймчдын хүлээн зөвшөөрдөг ШХАБ нь өрнөдийнхний эсрэг дуугарах хөгжиж буй орнуудын гол тулгуур. Иймээс тэд өөрсдийн байгууллагын гишүүн орнуудын голд цагаан толбо болон үлдсэн манай улсыг элсүүлэхийг чармайх нь гарцаагүй. Тэгээд ч ОХУ, Хятадын дунд хавчуулагдсан Монгол хоёр хөршийнхөө байгуулалцсан ШХАБ хэмээх асар том цул зүйлийн доторх хоосон зай мэт газрын зураг дээр харагддаг билээ.


Хятад улсын Худалдааны яамны сайдын орлогч Зонг Шан “Одоо байгаа институтуудыг дээд зэргээр үр ашигтай ашиглах, мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүх гишүүн орнуудын газар нутгийг хамарсан чөлөөт худалдааны бүсийг байгуулах боломжийг судлахыг манай улс уриалж байна” хэмээн Шинжаан Уйгарын өөртөө засах районы нийслэлд болсон ажлын уулзалт дээр мэдэгдлээ. Энэ уулзалт Хятад-Евразийн олон улсын ЭКСПО үзэсгэлэнгийн хүрээнд болжээ. Хятад энэ жил тус үзэсгэлэнг зохион байгуулахаар Өрөмч хотыг сонгон авсан. Ингэснээр алслагдсан баруун нутгуудыг цаашид хөгжүүлэх сонирхолтой байгаагаа дэлхий нийтэд батлан харуулахыг оролджээ. Хятадын сайд Ли Кэцяны мэдээлснээр эх газрын Хятадын гадаад худалдааны холбоо, харилцааг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа ба алслагдсан Шинжаан энэ кампанит ажлыг тэргүүлэх гэнэ. Хятад ба Зүүн Өмнөд Азийн орнуудын ассоциацийн /ACEAH/ хооронд хэдийн чөлөөт худалдааны бүс байгуулагдсан билээ.

 

Одоо харин Токио ба Сөүлтэй хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа аж. Шинжаан Уйгарын өөртөө засах районы намын байнгын зөвлөлийн гишүүн Сонг Айронг “ШХАБ-ын гишүүн орнуудын газар нутаг дээр чөлөөт худалдааны бүсийг тэлэх нь онц шаардлагатай. Энэ нутгийг тухайн хөдөлгөөний эхлэлийн талбар болгохыг хүсч байгаа” гэжээ. Дэлхийн 2 дахь том эдийн засаг хүссэнээ хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Энд харин манай улсад ямар байр суурь ногдох бол? Урьдынх шигээ зөвхөн ажиглагч гээд явбал асар их зах зээлийг алдах магадлалтай. Гэхдээ энэ нь эдийн засгийн гэхээсээ улстөрийн асуудал болж хувирах төлөвтэй.


Хятадын газар нутгийн зургааны нэгийг эзэлдэг Шинжааны бүс ба ШХАБ-ын гишүүн орнуудын хоорондын худалдааны хэмжээ 2010 онд 14.2 тэрбум долларт хүрчээ. Энэ нь Шинжааны тухайн жилийн гадаад худалдааны нийт хэмжээний 83%-ийг эзэлж байна. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев “Бүс нутгийн худалдааны харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, нэгдэн хоршоолол байгуулах замд тулгарах саад бэрхшээлийг арилгахад тус байгууллага идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно” хэмээгээд гишүүд болон ажиглагч орнуудад хандан хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалав.


Таджикистаны Эдийн засгийн хөгжил, худалдааны яамны сайд Фаррух Хамралиев “Таджикистан өөрийн орны хувийн байгууллагуудад тусална. Шинжаанд хөрөнгө оруулах аль болох их боломжийг тэдэнд олгохын тулд бүхий л хүчин чадлаа дайчлахаар төлөвлөж байгаа. Бид ирэх 5 жилд хоёр талын худалдааны хэмжээг 4 дахин нэмэгдүүлнэ. Үүнээс 70% нь Таджикистан ба Шинжаан нутгийн хоорондын худалдаа байх болно” хэмээн мэдэгдлээ.


Өмнө нь буюу 2002 оны 11-р сард Катарын нийслэл Доха хотод ШХНБ-ын гишүүд шинэ гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн билээ. Шинэ хэлэлцээрийн гол зорилго нь хөгжиж буй орнуудыг дэлхий дахины худалдаанд оролцох оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн стратегийг боловсруулах байсан юм. Энэ талаар Азийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Ганешан Вигнаража “Доха шийдвэр гаргахдаа удаан байгаа тул чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурах нь худалдааны харилцааг либералжуулах салаа зам байж болох юм” хэмээжээ. Тэрбээр “Азид чөлөөт худалдааны олон бүс байгуулагдаж байгаа нөхцөлд зөвхөн ганц зам бий. Энэ бол нягтран нэгдэх. Харин ACEAH+3, ACEAH+6 ба Номхон далайн стратегийн эдийн засгийн хамтын байгууллага зэрэгцэн урагш хөгжиж болно” гэж онцлон тэмдэглэв.

 

Нэмж өгүүлэхэд 2001 онд байгуулагдсан ШХАБ-ын бүрэлдэхүүнд Хятад, Казахстан, Киргиз, ОХУ, Таджикистан, Узбекистан ордог. Ажиглагчийн статустай орнууд гэвэл Монголоос гадна Пакистан, Иран, Энэтхэг билээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.