С.Баярцогт: Бид энэ онд  инфляцийг нэг оронтой тоонд оруулна
2011.09.08

С.Баярцогт: Бид энэ онд инфляцийг нэг оронтой тоонд оруулна

Сангийн сайд С.Баярцогтоос цөөн асуултад хариулт авлаа.
-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Улсын төсвийн хоёрдугаар улирлыг  гүйцэтгэлийг танилцуулсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын 2012 оны хоёрдугаар улирлын байдлаар эхний хагас жилийн гүйцэтгэлийг танилцууллаа. Хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын тэнцвэржүүлсэн орлого нэг их наяд 926 тэрбум төгрөгт хүрсэн. Төлөвлөгөө 124.6 хувийн биелэлттэй байгаа.
Нийт тэнцэл нь 57.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.
Үүнд дэлхийн зах зээл дээр зэс болон ашигт малтмалын үнэ тогтвортой өндөр байгаатай шууд холбоотой. Мөн бодит эдийн засгийн үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбогдуулаад татвартай барааны импорт өмнөх оноос 105.4 хувиар нэмэгдсэн. Тиймээс эдийн засаг санхүүгийн байдал маш сайн гэсэн үр дүн гарч байна. Түүнчлэн хадгаламжийн тэтгэвэрт 32.7 тэрбум, жирэмсэн нярай эхчүүдэд 11.3 тэрбум, алдарт эхийн одонтой эхчүүдэд 25.9 тэрбум, нийгмийн даатгалын сангийн татаасанд 95.3 тэрбум, хөдөлмөр ажил эрхлэлт, ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 11.6 тэрбум төгрөгийн зээл, тариалан эрхлэгчдийг дэмжихэд 4.8 тэрбум, орон нутгаас улсын төсөвт 48.6 тэрбум татан төвлөрүүлсэн төгрөг байна.
Тэгэхээр нийт орлого 21.6 тэрбум төгрөгөөр давж биелсэн байгаа.
Өнгөрөгч онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах үед УИХ-аас Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд зээлийн хүүг бууруулж, эдийн засгийн зохистой орчинг бүр-дүүлэх хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байгаа. Үүнтэй холбогдуулаад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо болон арилжааны банкнуудаас бүрдсэн ажлын хэсэг 2011 оны хоёрдугаар сараас эхлэн ажиллаад үндсэн төлөвлөгөөгөө Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Энэхүү төлөвлөгөө 2011-2013 онд дуустал хэрэгжинэ.
Бидний баримталж буй зорилтын хүрээнд захиргааны бус эдийн засгийн аргаар хүүг бууруулах ёстой гэсэн зорилтыг тавьж байгаа.
Мөн Монголбанкны гурван жилийн төсөөллийг хавсралтаар нь баталсан. Мэдээж хэрэг мөнгөний хүү эдийн засгийн аргаар тодорхой хэмжээнд буурах юм байна. Харин энэ бууралт ямар хэмжээтэй байх вэ гэдэг нь инфляциар хэмжигдэнэ.
-Инфляцийг хэзээ нэг оронтой тоонд шилжүүлэх боломжтой вэ?
-Бид энэ онд инфляцийг нэг оронтой тоонд оруулна. Ирэх онд инфляцийг найман хувь болгоно. Харин 2013 онд инфляцийг таван хувьд хүргэнэ гэсэн зорилтыг тавьсан. Энэ нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд гарна гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн байдлаар манай банкны зээлийн хүү, хадгаламжийн хүүнээс маш их хэмжээгээр хурдацтай буурч байгаа. Тиймээс дээрх төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал зээлийн хүү ойрын хугацаанд дорвитой буурах бүрэн боломж бололцоо бий. Өнгөрсөн оны байдлаар авч үзэхэд зээлийн дундач хүү 2.9 нэгжээр буурсан байгаа. Тэгэхээр энэ нь ганцхан Монголбанкны хийх ёстой ажил биш. Харин Монголбанк мөнгөний бодлогын хүүгээр зохицуулалт хийнэ. Харин Засгийн газрын зүгээс Сангийн бодлогоор зохицуулалт хийж байж үр дүнд хүрнэ.
-Түүнчлэн БНСУ-ын Засгийн газраас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох болсонтой холбоотойгоор ерөнхий зээлийн хэлэлцээр хуралдаанаар орлоо. Ямар шийдвэр гарсан бэ?
-Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий зээлийн хэлэлцээрийн асуудлыг оруулсан байгаа. Хэлэлцээрийн үеэр БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын сангаас 2011-2015 онд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг манай улсад олгохоор хоёр тал тохирсон. Түүнд гарын үсэг зурахын өмнө нь Засгийн газраар хэлэлцүүлээд, УИХ-ын холбогдох гурван байнгын хорооны хуралдаанаар оруулж зөвшилцөх ёстой. Одоогоор 300 сая ам.доллар нь жилийн 0.15 хувийн хүүтэй, 35 жилийн хугацаатай зээл олгож байгаа. Үндсэн төлбөрөөс эхний 10 жилдээ чөлөөлөгдөнө.
-Аль салбарт зарцуулах вэ?
-Энэхүү зээл нь дэлхий нийтийн чиг хандлагын дагуу цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, ногоон үзлийг дэмжих төслийг санхүүжүүлэх ёстой. Төсөл энэ оноос эхэлнэ. Эхний ээлжид бид нар Үндэсний оношилгооны төв байгуулахыг санал болгож тавьсан. Энэ талаар Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Жилд 1-2 төслийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн салбарт нэг л төслийг хэрэгжүүлнэ гэсэн үндсэн нөхцөлүүдтэй байгаа. Одоогийн байдлаар Үндэсний оношилгоо эмчилгээний төв, мэдээллийн нэгдсэн сүлжээний төсөл, нүүрс баяжуулах үйлдвэр, төв архивын тоног төхөөрөмж, бөөний худалдааны төвийн барилга байгууламж гэсэн төслийг урьдчилсан байдлаар хүргүүлсэн.
Нийтлэлч


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.