Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ улсын төсөвт нөлөөлөхгүй
2011.08.26

Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ улсын төсөвт нөлөөлөхгүй

Монгол Улсын төсвийн орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 248.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн дүнтэй гарчээ. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхooний үйлдвэрлэлт 936.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 87.9 тэрбум буюу 10.4 хувиар өссөн нь уул уурхайн олборлох аж үйлдвэрийн  салбарын зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг нэр. төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3-3.8 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт нэг хувиас 8.5 дахин нэмэгдсэн нь төсвийн орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд голлон нөлөөлсөн аж. Тиймээс энэ оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа талаар Сангийн сайд С.Баярцогт өчигдөр мэдэгдэл хийв. Түүний хэлснээр манай нийт импорт үнийн дүнгээр энэ оны эхний долоон сард 4.4 их наяд төгрөгт хүрч жилийн төлөвлөгөө 95 хувийн биелэлттэй байгаа тул гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс 50 орчим хувиар өсөх хандлагатай байгаа гэнэ. Түүнчлэн нийт импортод эзлэх татвар ногдуулдаг импортын хувь хэмжээ олон жилийн дунджаас найм орчим пунктээр нэмэгдэн 91 хувь болсон зэрэг нь төсвийн орлого давж биелэхэд гол нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл төсвийн орлого төлөвлөж байсан хэмжээндээ бараг хагас жилийн өмнө хүрсэн учир илүү гарч буй хөрөнгийг цаг алдалгүй шаардлагатай салбарт нь зарцуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж.

Сангийн яамныхны тооцоолж байгаагаар төсвийн орлого 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй гэнэ. Дээрх хэмжээний мөнгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 83.7 тэрбум, НӨАТ-ын орлого 229.4, Онцгой албан татварын орлого 49.2, Гаалийн албан татварын орлого 78.3, Төсөвт байгууллагын өөрийн орлого 36.3 тэрбум төгрөгөөр тус бүр нэмэгдэх үндэслэлтэй байгаагаар тодорхойлж буй. Тиймээс төсвийн орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан төсвийн урсгал зардлыг нийт 92.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байгаа гэнэ. Үүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулах хөрөнгийг 30 тэрбумаар, Засгийн газрын нөөц сангийн хэмжээг 10, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тав, эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад 15.1, Лондоны  олимпод оролцох баг тамирчдын бэлтгэлийг хангахад 1.5, нийтийн тээврийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унааны нөхөн олговрыг 4.3, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагыг зургаа, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээний зардлыг 7.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.

"УИХ-ын намрын чуулганаар нэн түрүүнд уг асуудлыг хэлэлцвэл 14 хоногийн дотор шийдэх магадлалтай бөгөөд бүхэл бүтэн жилийн төсөв бус зөвхөн тодорхой салбарт тусгаж өгөх тул түргэн шийдэх боломжтой" хэмээн Сангийн сайд онцоллоо. Улсын    төсвийн    орлого дэлхийн зах зээл дэх зэсийн үнээс шалтгаалан буурах хандлагатай байдаг. Ирэх онуудад ийм хэвээрээ байх эсэхийг Сангийн сайдаас тодруулахад тэрбээр 'Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаар манай эдийн засагт нөлөөлдөг буюу төсвийн орлогын гурван хувиас   илүү   гардаг   ашигт малтмалыг дэлхийн зах зээлийн үнэ болон төсвийн үнэ гэж хоёр янзаар авдаг болсон. Гэтэл зэсийн ханш 9 мянган доллар байгаа шүү дээ. Тийм учраас энэ жилийн төсөвт зааснаар тонн зэсийг 5983 доллараар авахаар болсон. Тэгэхээр дэлхийн зах зээлд зэсийн үнэ яаж ч хэлбэлзсэн манай төсөвт огт нөлөөлөхгүй. Учир нь дэлхийн зах зээл дэх зэсийн ханш 9 мянган доллар байгаа шүү дээ. Гэтэл бид бараг хоёр дахин хямдаар  авч байдаг. Энэ хоёрын зөрүү мөнгө нь Тогтворжуулалтын сан руу орж байгаа юм. Тэгэхээр дэлхийн зах зээл дэх зэсийн ханш суларлаа гэж бодоход зөрүүг нь дээрх сангаас гаргаж төсвөө нөхөж байх юм" хэмээлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.