Төсвийн тодотголоор орлого 456,2 тэрбум төгрөг болно
Сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай төсөв баталж байсан ч орлого төлөвлөснөөс давж биелсэн тохиолдол гарч байгаагүй. Тэгвэл энэ оны улсын төсөвт ийм явдал тохиолджээ. УИХ энэ оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.304.6 тэрбум, зарлагыг 4.084.1 тэрбум төгрөг байхаар тооцож, 779.5 тэрбум төгрөг буюу 9.9 хувийн алдагдалтай баталсан. Гэтэл оны эхний долоон сарын байдлаар улсын орлого 248.8 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Мэдээж таатай мэдээ. Аж үйлдвэрийн салбарын болон зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1-10 хүртэлх хувиар өссөн нь орлогыг нэмэгдүүлсэн байна. Импортын хэмжээ ч хоёр дахин нэмэгдэж хувь нэмрээ оруулжээ. Ингээд дээрх мөнгийг энэ оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл дээр нэмэхээр орлого 456.2 тэрбум төгрөгөөр давна гэсэн дүн гарч буй юм. Бий болсон энэ мөнгийг яах юм. Энэ асуудлыг уржигдар болсон Засгийн газрын хуралдаанаар ярилцаад 'Төсөвт тодотгол хийх нь зөв" гэсэн шийдвэрт хүрсэн. Нэмэгдсэн орлогыг ямар салбарт зарцуулах талаар Сангийн сайд өчигдөр мэдээлэл хийв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 83.7 тэрбум, НӨАТ 229.4 тэрбум, ОАТ 49.2 тэрбум, гаалийн албан татварын орлого 78.3, төсөвт байгууллагаас орлого 36.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа учир нийт орлогын хэмжээг 456.2 тэрбум болно хэмээн тооцжээ.
Энэ мөнгөнөөс 92.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд нэмж зарцуулах гэнэ. Нийслэлийн агаарын'бохирдлыг бууруулах, 2012 оны олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг хангах, эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах гэх мэтэд үүнийг зориулна. Мөн хөрөнгө оруулалтын салбарт 288 тэрбум төгрөг нэмэхээр тооцсон аж. Энэ оны төсөвт хөрөнгө оруулалтад 627 тэрбум төгрөг төлөвлөсөн нь дээрх хэмжээгээр нэмэгдлээ гэсэн үг. Нэмэгдэл орлогоор 150 барилга байгууламжийг энэ онд багтаан ашиглалтад оруулж, 41 багц төхөөрөмж худалдан авах боломж бүрдэх гэнэ. Улмаар төсөвт тодотгол хийх урьдчилсан тооцоогоор тэнцвэржүүлсэн орлого 456.2 тэрбум төгрөгөөр, зарлага ба Цэвэр зээлийн дүн 680.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж алдагдал 1.003.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь байхаар тооцжээ. Орлого, зарлага нэмэгдсэн ч алдагдлын хэмжээгээ барьж буй аж. Төсвийн тодотголын төслийг хоёр долоо хоногийн дотор Засгийн газар боловсруулаад УИХ-д өргөн барих юм байна.
Сэтгүүлчид Сангийн сайдаас зарим зүйлийг тодрууллаа.
-Зэсийн үнэ 9800 доллар хүрсэн. Үнийн зөрүүнээс тогтворжуулалтын санд хэдий хэмжээний хөрөнгө төвлөрөөд байна вэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталснаар улсын орлогын гуравны нэгээс доошгүй хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын үнийг зөвхөн дэлхийн зах зээлийнхтэй харьцуулахаа больсон. Одоо төсөв болоод,дэлхийн зах зээлийн үнээс давхар хаМаарч тооцож байгаа. Бид нүүрс, зэсийн үнийг ийм зарчмаар тооцсон. Энэ оны улсын төсөвт зэсийн үнийг 5800 доллараар тооцсон байгаа. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр яаж ч өссөн манай улсын төсөвт нөлөөлөхгүй, тогтвортой байна. Харин 5800 доллараас доош унавал нөлөөлнө. Дэлхийн зах зээлийн үнэ ба төсвийн зөрүүнээс гарах мөнгө Тогтворжуулалтын санд хуримтлагдаж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн давуу тал нь энэ.
-Төсвийн шинэчлэлийн явц ямархуу байна вэ?
-Төсвийн шинэчлэлийг нэг УИХ хийж амжихгүй. 2004-2008 оны УИХ төсвийн орлогод, энэ УИХ зарлагад шинэчлэл хийж байна. Нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл боловсруулж, 2009 онд УИХ-д өргөн барьсан. Анхны хэлэлцүүлгийг УИХ хийчихсэн, одоо намрын чуулганаар батлах байх. Шинэ төсвийг 2013 оноос хийх учир цаг байна.
-Намрын чуулганаар төсвийн тодотгол ярьсаар 2012 оны төсөв ярих хугацаа тулна. Тодотголоор хийх ажлуудыг гүйцэтгэж амжих уу?
-Цаг хугацааны хувьд хоёр арга бий. Намрын чуулган аравдугаар сарын 1-нээс эхлээд хоёр долоо хоногт тодотголыг хэлэлцээд шийдчих боломжтой. Бүр шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлаад долоо хоногт шийдэж болно.
-Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэх тухай мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ амлалтаа хэзээ хэрэгжүүлэх бол. Ерөнхий сайдад бодлогын нөөц гэж бий. Үүнээс зарцуулах уу?
-2012 онд бид мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд дүн тавиулна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Амласан гол зүйлсийн нэг нь цалин, тэтгэвэр нэмэх. 2007 оноос бодлогын нөөц гаргасан. Эх үүсвэрийг бодит нөөц гэж үзээд ирэх жил юу хийхээ төлөвлөдөг юм. Бодлогын нөөцийн ихэнх хэсгийг үүнд зориулна. Энэ талаар гурван талт хэлэлцээр хийсэн байгууллагуудтайгаа ярилцаад аравдугаар сард зарлах болно.