Төсвийн тодотголоор орлогыг 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой
2011.08.25

Төсвийн тодотголоор орлогыг 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийн талаар хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулж Сангийн сайд С.Баярцогт яамны холбогдох албаны хүмүүсийн хамт төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

 Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувийн үзүүлэлттэйгээр УИХ-аар батлагдсан.

 Монгол Улсын төсвийн орлого 2011 оны эхний 7 сарын байдлаар 248.8 тэрбум төгрөгөөр давж биелэсэн дүнтэй гарлаа. Энэ нь  Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 936.4 тэрбум төгрөгт хүрч  өмнөх оны мөн үеийнхээс 87.9 тэрбум төгрөг буюу  10.4 хувиар өссөн нь уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмөрийн хүдэр зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3-3.8 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 1.0 хувиас 8.5 дахин нэмэгдсэн нь төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.

 Мөн нийт импорт үнийн дүнгээр 2011 оны эхний 7 сард 4489.0 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлгөө 95 хувьтай биелж хүлээгдэж буй гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээтэй харьцуулахад 50 орчим хувиар өсөх хандлагатай байна. Түүнчлэн нийт импортод эзлэх татвартай импортын хувь хэмжээ олон жилийн дунджаас 8 орчим функтээр нэмэгдэн 91 хувь болсон зэрэг нь төсвийн орлого давж биелэхэд гол нөлөө үзүүлсэн байна.

 Монгол Улсын төсвийн орлогын эхний 7 сарын гүйцэтгэлд үндэслэн дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход төсвийн орлого 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Иймд төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр бий болж байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай болж байна.

 Төсвийн тодотголын төсөлд төсвийн орлогыг 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцох боломжтой юм. Үүнд:

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 83.7 тэрбум төгрөгөөр;
  • НӨАТ-ын орлого 229.4 тэрбум төгрөгөөр;
  • Онцгой албан татварын орлого 49.2 тэрбум төгрөгөөр;
  • Гаалийн албан татварын орлого 78.3 тэрбум төгрөгөөр;
  • Төсөвт байгууллагын өөрийн орлого 36.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

 

Төсвийн орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан төсвийн урсгал зардлыг нийт 92.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Үүнд:

  • хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулах хөрөнгийг 30.0 тэрбум төгрөгөөр;
  • Засгийн газрын нөөц сангийн хэмжээг 10.0 тэрбум төгрөгөөр;
  • нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны урсгал зардлыг 5.0 тэрбум төгрөгөөр;
  • эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор урсгал зардлыг 15.1 тэрбум төгрөгөөр;
  • 2012 оны олимпод оролцох баг тамирчдын бэлтгэлийг хангах үйл ажиллагааны зардлыг 1 тэрбум төгрөгөөр;
  • нийтийн тээврийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унааны нөхөн олговрыг 4.3 тэрбум төгрөгөөр;
  • эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагыг 6 тэрбум төгрөгөөр;
  • газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээний зардлыг 7.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тооцлоо.

Ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжих 300.0 тэрбум төгрөгийн бондын ашиглалт зэрэг УИХ, ЗГ-ын шийдвэрээр зайлшгүй нэмэгдэх зардлыг тооцон тусгасан бөгөөд үүний үр дүнд урсгал зарлага цэвэр дүнгээр 92.6 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалт 288.0 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 300.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх урьдчилсан тооцоо гарч байна.

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийт 627.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан.

 

Төсвийн орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд нийтдээ 288.0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор нэмж шийдвэрлэхээр тооцож байна. Үүнд:

  • Нийт 230.0 тэрбум төгрөгийн 150 барилга байгууламжийг 2011 ондоо багтаан ашиглалтад оруулж, 41 багц төхөөрөмжийг бүрэн худалдан авах боломж бүрдэнэ.
  • Барилгын ажил үндсэндээ дууссан боловч техникийн болон улсын комисс ажиллаж чадаагүй, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер нь оройтсон, будилсан, зам барилгын ажлын үнийн өсөлтөөс шалтгаалан барилгын ажил төлөвлөгөөт хугацаандаа хийгдэж чадаагүй, газрын маргаан гарсан, барилгын төсөвт ажлын тоо хэмжээ дутуу тусгагдсан, гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгааны улмаас 2010 онд ашиглаж чадаагүй 24.0 тэрбум төгрөг;
  • Нийслийн агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн ээлжинд шаардагдах 34.0 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгалаа.

2011 оны төсөвт тодотгол хийх урьдчилсан тооцоог боловсруулахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 456.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 680.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн алдагдал 1,003.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь байхаар байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.