“Хөгжлийн төлөө Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр” хэрэгжүүлэх санамж бичигт гарын зсэг зурлаа.
2011.09.08

“Хөгжлийн төлөө Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр” хэрэгжүүлэх санамж бичигт гарын зсэг зурлаа.

Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсад Австралийн Холбооны Улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сэм Гэрович нар өнөөдөр “Хөгжлийн төлөө Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр” хэрэгжүүлэх санамж бичигт гарын зсэг зурлаа.

 Австралийн Засгийн газар хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй орнуудад сайн дурын ажилтнуудыг илгээн ажиллуулах үйл ажиллагааг жигдрүүлэх, нэгтгэх, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Хөгжлийн төлөө Австралийн залуу элч нар, Австралийн Олон улсын сайн дурын ажилтан нар, Улаан загалмайн сайн дурын ажилтан нар, Олон улсын хөгжлийн төлөө Австралийн сайн дурын ажилтан нар болон Австралийн Бизнесийн сайн дурын ажилтан зэрэг хөтөлбөрүүдийг “Хөгжлийн төлөө Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр”-ийн дор нэгтгэж, холбогдох Нэмэлт тохиролцоог байгуулж байгаа билээ.

 Өмнөх сайн дурын ажилтны хөтөлбөр, арга хэмжээнүүдийг нэгтгэснээр мөн жилд илгээх сайн дурын ажилтны тоог нэмэгдүүлэхээр болж байна. Өмнө хөтөлбөрүүдийн хүрээнд Австралиас жилд нийт 25 сайн дурын ажилтан илгээж ажиллуулдаг байсан бөгөөд энэ жилээс эхлэн жилд илгээх ажилтны тоог 5-аар нэмэгдүүлэх юм.

Сайн дурын ажилтны хөтөлбөрөөр Австрали мэргэжилтнүүд Монголын эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудад 3-12 сарын хугацаатайгаар томилогдон ажиллаж ирсэн байна. Түүнээс гадна Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудад мөн ядуурлыг бууруулах чиглэлээр ирж ажилладаг байна.

 Австралийн Засгийн газар 2011-2012 оны хугацаанд Монголд үзүүлэх хөгжлийн тусламжийн төсвийг 12 сая ам.доллар болгож өсгөхөөр шийдвэрлэсэнтэй холбогдуулан сайн дурын ажилтны хөтөлбөрийг ч ийнхүү өргөжүүлэх болсон байна. Сайн дурын ажилтны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш буюу 1998 оноос өнөөг хүртэл нийт 140 сайн дурын ажилтан Монголд ирж ажилласан байна.

Нэмэлт тохиролцоонд гарын үсэг зурахын хажуугаар Сангийн сайд, Австралийн элчин сайд хоёр Монгол, Австралийн эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа, Монголын санхүү, эдийн засгийн байдал, хэтийн төлвийн асуудлаар санал бодол солилцлоо.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.