Монгол банкнаас явуулсан бодлого засгийнхтай нийцэх албагүй
2011.09.08

Монгол банкнаас явуулсан бодлого засгийнхтай нийцэх албагүй

“Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэх хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн байна. Хуралдаанаас хөтөлбөрийг хамтарч батлан хэрэгжүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгажээ. Сангийн сайд С.Баярцогт уг асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сарын 28-наас долдугаар сарын 1-ний өдөр хүртэл ажилласан байна. Ажлын хэсэг төлөвлөгөөгөө Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн аж. Хөтөлбөрийг 2011-2013 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүн инфляцитай холбоотой гарах аж. Тиймээс инфляцийг энэ онд нэг оронтой тоонд, 2012 онд найм, 2013 онд таван хувьд хүргэхээр тооцжээ.

Хөтөлбөр хэрэгжиж дуусахад зээлийн хүү буурна гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэ оны эхний улирлын байдлаар төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10.5 хувь болж өмнөх оны мөн үеэс 1.8 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.2 хувиар буурч, зээлийн жигнэсэн дундаж хүү 15.8 хувь болсон байна. Энэ нь өмнөхөөсөө буурсан үзүүлэлт юм. Сангийн сайдын хэлснээр зээлийн хүүг захиргааны бус эдийн засгийн аргаар бууруулах зорилт тавьжээ. Тиймээс Монголбанкнаас гаргасан ирэх гурван жилийн төсөөллийг хавсралтаар нь баталжээ. Монголбанк мөнгөний бодлогоор, Засгийн газар Сангийн бодлогоор зохицуулалт хийх юм байна. Саяхан Монголбанк бодлогын
хүүгээ нэмэгдүүлсэн бөгөөд дагаад арилжааны банкнуудын зээлийн хүү ч нэмэгдээд буй.

Уг бодлого хөтөлбөрийн хэрэгжилт хоёр хэрхэн нийцэх талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодруулсан юм.

-Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бодлого, Засгийн газрын Сангийн бодлоготой нийцэх албагүй. Монголбанк хариуцах үүрэгтэй. Тиймээс өөрийн бодлогоо явуулж байгаа. Сангийн бодлогын хувьд бодит эдийн засгаа дэмжих үүднээс хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж байна. Улсын төсөвт тодотгол хийнэ. Энэ хэмжээгээрээ улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ. Мөн Засгийн газраас долоо хоног бүр 25 тэрбум төгрөгийн бонд гаргаж, арилжаалж байна. Бодит эдийн засгийг дэмжих бололцоог хангана гэж ярилаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж зөвшилцөхөөр болжээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын зөвшилцлөөр Монгол Улс БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 оны хооронд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээл авахаар хоёр тал тохирсон байна. 35 жилийн хугацаатайгаар авах энэхүү зээлийн жилийн хүү нь 0.15 хувь. Үндсэн төлбөрөөс эхний 10 жилдээ чөлөөлөгдөнө. Энэ зээлийг цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, ногоон өсөлтийг дэмжих чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулах аж. Эхний ээлжинд Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулахад зарцуулах юм байна. Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д айлчлах үеэрээ энэ асуудлыг харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Жилдээ 1-2 төсөл хэрэгжүүлэх бөгөөд нэг салбарт нэг л төсөл хэрэгжүүлэх нөхцөлтэй аж. Харин бусад зээлийг юунд зарцуулах вэ гэдэг дээр хоёр тал бас зөвшилцөх юм байна. Монгол Улсын Засгийн газраас одоогоор Үндэсний оношилгоо эмчилгээний төв, Холбоо хяналт мэдээллийн нэгдсэн сүлжээний төсөл, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь бүрхсэн 1х25000-ын масштабтай байр зүйн зураг зохиох, нүүрсийг хийжүүлэх замаар эрчим хүчний цэвэр нүүрс гаргах, нүүрс баяжуулах үйлдвэр, Үндэсний төв архивын тоног төхөөрөмж эмнэлгийн барилга байгууламж зэрэг төсөлд зээлийг зарцуулахаар БНСУ-ын талд санал тавьсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.