Байгальд ээлтэй хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч гүрэн
- 2018 он гэхэд Солонгосын хойг дээр унадаг дугуйн 3114 км зам байгуулахаар төлөвлөснийхөө эхлэлийг хэдийнэ тавьж, энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах гэж байна
110.000 гаруй оршин суугчтай тус бүс нутгаар Хан мөрөн урсдаг. Мөрөн тэгнэсэн гүүрэн дээр өндөг хэлбэртэй долоон том байгууламж, жижиг усан цахилгаан станц байгуулжээ. Эдгээр “өндөг” дотор иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх үзвэр, үйлчилгээний төрөлжсөн газруудаас гадна гүүрэн дор усан парк байгуулж байна. Энэ жишгээр Нагдун, Кым, Ёнсан мөрөн дээр ийм бүтээн байгуулалт хийж байгаа гэсэн. Дөрвөн мөрөн дээр 16 босго буюу далан, бага оврын усан цахилгаан станц байгуулж, энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах юм байна. Сэргээх бүтээн байгуулалт гэдэг нь Зүүн тэнгист цутгадаг тухайн дөрвөн мөрний урсацыг сайжруулж, загас жараахайн гарц бий болгож, бороо, үерийн уснаар олон жил хуримтлагдсан элс, шороог зайлуулж мөрнийг улам өргөн болгох зэрэг байгальд ээлтэй ажил юм.
Бид хүний өдөр тутмын хэрэглээнээс гарсан зүйлийг л хог хаягдал хэмээн андуурдаг. Тэгвэл байгалийн янз бүрийн үзэгдэл тухайлбал, бороо, үерийн улмаас гол, мөрөнд бөөгнөрөн, урсацыг багасгаж, дунд нь “уул болон сүндэрлэсэн” элс, шороог байгалийн хог хаягдал хэмээдэг. Үүнийг зайлуулж, мөрний усанд дотор тодорхой хэсгийг ухах, янзлахад урсац нь сайжрахаас гадна өргөн болдог ач холбогдолтой гэж Газар, тээвэр, далайн хэргийн яамны харьяа Сөүлийн орон нутгийн барилгажилт, үйл ажиллагааны хэлтсийн дарга И Чун Жэ ярив.
“Дөрвөн мөрнийг сэргээх” төслийг хэрэгжүүлснээр цаг уурын өөрчлөлтөд бэлтгэлтэй байх, байгалийн гамшиг, үерээс хамгаалах, усны эрчим хүчийг ашиглах, тухайн бүс нутагт оршин суугчдыг сэргээгдэх эрчим хүчээр хангах гээд олон талын үр өгөөжтэйгээс гадна дэлхийн бусад оронд үлгэр дуурайл болохуйц шилдэг бүтээн байгуулалт болно хэмээж буй юм билээ. Үүнээс гадна байгальд ээлтэй шинэ үзэл баримтлалын голлох төслийн нэг нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах зорилгоор барьж буй унадаг дугуйн зам.
2018 он гэхэд Солонгосын хойг дээр унадаг дугуйн 3114 км зам байгуулахаар төлөвлөснийхөө эхлэлийг хэдийнэ тавьж, энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү зам нь Ёжүгийн бүс нутаг Чүнжүгээс Сөүл хүртэл 128 км үргэлжилнэ. Тус улсын хувьд унадаг дугуйн анхны зам болж буйгаараа онцлог. Уг замыг дагаад мөн л иргэдийн амралтыг тав тухтай байлгах цэцэрлэгт хүрээлэн, сагс болон хөлбөмбөгийн талбай зэргийг цогцоор нь шийдсэн байна. И Мён Бак Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ажлын нэг болсон улс орныхоо өнцөг булан бүрийг холбосон томоохон бүтээн байгуулалт нь ийнхүү амжилттай хэрэгжиж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Ногоон хөгжил” бодлогыг хэрэгжүүлэх гурван шалтгаан байсан гэнэ. Үүнд, дэлхийг хамарсан цаг уурын өөрчлөлтөд бэлтгэлтэй байх, эрчим хүчний хувьд гаднын орноос хамааралтай бус өөрийн хүчинд тулгуурлах, хүний хүчийг байгальд ээлтэй хөгжилд хандуулах явдал юм байна. Энэ утгаараа БНСУ байгальд ээлтэй хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг болжээ.