Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.04) хуралдаан 10 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.
Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т “нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн” гэж заасны дагуу Улсын Их Хурлын даргаас тогтоолын төслийн 2 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдан, Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй зарчмын зөрүүтэй 2 саналын томъёоллыг нэгтгэж, боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Төслийн 2 дахь хэсэгт “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх” гэсэн заалтыг шинээр нэмэхээр зарчмын зөрүүтэй саналын томъёолол боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.
Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.