УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.29/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн, ХХААБХ-ны дарга Х.Болорчулуун
"Олон хөтөлбөр гаргаад л байдаг. Гэтэл мөнгөний ханш жил бүр л унаж байдаг. Жил бүр 10%-иар унаж байна. Сангийн яам, Монголбанк монгол мөнгөний бодлогоо барьж байна уу? Би чадахгүй гэж бодож байна. ОУВС барьж, зохицуулж, хянаж байна. ОУВС 3 жилийн өмнө цалин нэмэхийг дургүйцэж эсэргүүцсэн, Оюутолгойн борлуулалтын мөнгийг монголын банкаар дамжуулахыг эсэргүүцэж УИХ-ын тогтоолын төслийг унагаж байсан.
Мөнгөний бодлогыг Монгол улс өөрөө барьж чадахгүй байна. Одоо нэг зээлийг нэг зээл рүү санал болгоод тусалж дэмжээд ажиллаж байна. Гэтэл баахан халамж хавтгайрч олгохыг ОУВС зөвшөөрч байна. Цалин нэмэхийг дэмжихгүй мөртлөө халамж нэмэхийг дэмжиж байна. Энэ бол Монгол Улсын нийгэм эдийн засгийг хүнд байдалд оруулж байгаад Оюутолгойн баялгийг үнэгүй авах тактик хэрэгжиж байна гэж харж байна.
Би байнгын хороон дээр та бүхнээс асуухад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч ханш уналтыг зогсоох чиглэлд юу хийх вэ гэж асуухад дараагийн донор орнуудын хөтөлбөрт бэлтгэх ажил хийж байна гэж хэлсэн. Монголбанкны толгойд байгаа хүмүүс ийм бодолтой байхад Монгол Улс өөрийнхөө эрхээр хөгжих боломжгүй. Ганбаатар гишүүн Аргентины туршлагыг түрүүн хэллээ. Ялангуяа байглийн баялагтай жижиг улсад ОУВС 1 төгрөгийн дэмжлэг үзүүлээд танай 5 төгрөгийг авна гэж хэлж байсан.
Монгол Улс өөрөө өөртөө эзэн байя. Хавханд байгаа үнэгүй бяслаг идэхээ болих хэрэгтэй. Цаашдаа энийг мөнгөний бодлого дээрээ анхаарч ажиллаарай."