2020.10.21

Л.Энх-Амгалан: Экспортыг дэмжих ямар мөнгөний бодлого явуулах вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН САНАЛАА ХЭЛЛЭЭ:

"Мөнгөний бодлого батлах гэж байж ганцхан заалт оруулж ирээд Мөнгөний бодлого баталчихлаа гэж болохгүй. Монголбанкны үүрэг юу вэ? Инфляцийг онилох, валютын нөөцийг бүрдүүлэх, эдийн засгийн бүтцийг өөрчлөх нь Монголбанкны үүрэг мөн үү? Эдийн засгийн бүтэц яаж өөрчлөгдөх гэж байна вэ? Мөнгөний зээлийн бодлого явуулж байж л эдийн засгийн бодлого өөрчлөгдөнө. Валютын нөөцийг: экспортоор, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж гэсэн гурван эх үүсвэр байдаг. Та бүхэн хуулинд байхгүй юм бүү ярь.

Хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах мөнгөний бодлогоор дэмжиж өгөөч гэж бид олонтоо ярьлаа. Энэ жилийн мөнгөний бодлого дээр цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлээс гарах тал дээрээ анхаарах хэрэгтэй. 

2020-2021 оны өвөлжилтийн байдлаар 6 аймгийн 75 сумын 80 гаруй мянган малчдын амьжиргааны 7-10 сая мал эрсдэлд орох тооцоонд орсон гэж байна. Үүн дээр бид мөнгөний бодлого явуулах хэрэгтэй байна. Экспортоо дэмжинэ гэдэг нь эдийн засгийн бүтцээ өөрчлөх гээд байгаа оролдлого юм. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгдөг."