Хурандаа Каддафи  та еврей хүн үү?
2011.05.31

Хурандаа Каддафи та еврей хүн үү?

Улс оронд нь зэвсэгт тэмцэл өрнөхөөс өмнө хурандаа Каддафи "Ливийн талыг баримталсан нам байгуулахыг" ливи гаралтай изриальчуудад уриалсан юм. Энэ дарангуй-лагч еврейн улсад гойд сонирхолтойгоо анх удаа харуулж буй ч юм биш.


Ливийн еврейчүүдийн бүх дэлхийн байгууллагын Ерөнхийлөгч Меир Кахлоны ярьснаар бол эндхийн иргэн байсан хумүүстэй яриа хэлэлцээр хийх тусгай хүмүүсийг Каддафи томилсон аж. Ливи гаралтай еврей хүмүүсийн эх орондоо орхиод явсан хөрөнгө мөнгөнд нь нөхөн олговор олгох талаарх асуудлыг ч ярьж болох юм хэмээн Амманд нууцаар хийсэн урьдчилсан уулзалт дээр Каддафийн хүмүүс мэдэгдсэн аж.

Еврейчүүд бүр Птолемейн үеэс буюу манай тооллын өмнөх III зууны үеэс одоогийн Ливийн

нутаг дээр суурьшиж эхэлсэн аж. Ливид очсон Оросын анхны жуулчин гэж тооцогддог зохиолч, цэргийн эмч Александр Елисеев (1858-1895) замын тэмдэглэлдээ "Триполи хотын гудамжинд бербер, негр, арабуудаас гадна эндхийн еврей болон турк, грёк, Мальги, итали хүмүүс тааралдана" гэж бичсэн байдаг. Нэртэй жуулчлагч эмэгтэй Этель Браун 1914 онд хэвлэгдсэн "Шинэ Триполи хийгээд нутгийн гүнд миний үзсэн зүйлс" номдоо 'Триполийн еврейчүүд гэж гайхалтай улс. Тэд гэр ахуйн болоод шашны ёс заншлаа цэврээр хадгалж, үеэс үед уламжлуулсаар иржээ. Бас их нигүүлсэнгүй сэтгэлтэй. Тэд эндхийн хүмүүсийг хүнсээр хангана. Тэдний дунд ажил хэрэгч хүн бас олон байв" хэмээн бичсэн байдаг аж.

 


Дэлхийн II дайн дуусахад Ливид 36 мянган еврей амьдарч байлаа. 1948 онд Израиль улсыг байгуулсны дараа еврейчүүдийн олонх нь түүхэн эх орондоо очиж суурьшихыг илүүд үзэх болов. Ливи гаралтай хэдэн мянган хүн нэгэн зэрэг Италийн иргэн ч болж байв. 1949 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Ливид тусгаар тогтнол олгохыг Израиль дэмжиж байлаа. Тэгэхдээ Иерусалим, Триполи хоёрын хооронд найрамдалт харилцаа тогтооход энэ үйл явдал нэмэр болоогүй юм. Түүгээр ч барахгүй Ливи улс Арабын улсуудын холбооны гишүүний хувьд 1953 оноос хойш Израилийн эсрэг чиглэсэн аливаа арга хэмжээг дэмжих болсон байна.

 

Египет, Сири, Иорданы армийг Израиль бут цохисон зургаан өдрийн дайны эхээр буюу 1967 оны зургадугаар сарын эхээр Ливид 6000 гаруй еврей хүн байв. Арабын орнуудын армийг ялан дийлж буй тухай мэдээг сонсмогцоо Триполид еврейчүүдийг түйвээж гарчээ. Еврейн бүх байгууллага, сүм хийд, сургууль соёлын газрыг тонон дээрэмдэж, галдан шатааж, хөрөнгө хогшлыг нь хураав. Олон зуун хүн амиа алдав.

Ливид байгаа еврейчүүдийг бүгдийг нь "түр хугацаагаар" гарч явахыг зөвшөөрөхийг тухайн үеийн хаан  Идрисээс хүсэв. Хаан татгалзсангүй. Еврейчүүд бүгд гадагш явлаа. Одоо Ливид еврей хүн байхгүй.

Израильд аж төрж байгаа ливичүүдийн дотор нэр алдартай хүн цөөнгүй. Тухайлбал, нэрт тамирчин хүндийг өргөгч Йосеф Романо байна. Тэрбээр Ливид төрөөд 32 настайдаа Германд амь үрэгдсэн юм. Түүнийг 1972 оны есдүгээр сард Мюнхений Олимпийн үеэр Палестиний алан хядагчдын "Хар есдүгээр сар" байгууллагынхан хөнөөсөн билээ. Тэгэхэд Израилийн олимпийн шигшээ багийнхныг бараг бүгдийг нь хүйс тэмтэрсэн юм.

Каддафи засгийн эрхийг авмагцаа еврейчүүд болон Израиль улсад дайсагнасан бодлогыг хүчтэй болгов. Ливийн хувьсгалын  удирдагч еврейн ард түмний дайснуудтай нэгдэж Израиль хэмээх тусгаар улс оршин тогтнохын эсрэг тэмцэх болов. Еврейн улсыг "засварлах", Палестиний нутаг дэвсгэр дээр өөрийн бодож олсон "Изратин" гэдэг нэртэй Араб-Еврейн улс байгуулахыг Каддафи НҮБ-ын болон олон улсын хийгээд бүс нутгийн байгууллагуудын индрээс шаардаж гарав.

 

Тус улсыг орхиж явсан еврейчүүдийн бүх хөрөнгийг хураах тухай хуулийг 1970 оны хоёрдугаар сард Ливид баталлаа. Хуулийг Каддафи боловсруулсан байв. Тэрбээр энэ хуулиар зөвхөн Израильд төдийгүй сайн түншийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан Итали улсад бас цохилт өгчихнө чинээ бодоогүй аж. Юу гэвэл өнгөрсөн зууны эхээр Итали улс Ливийг колоничилж байгаад дэлхийн II дайны дараа нүглээ наминчилж Триполид санхүүгийн үлэмж тусламж үзүүлжээ. Италийн еврейчүүдийн гуравны нэг нь ливи гаралтай ажгуу.

Каддафи тэр жилээ шинэ хууль гаргаж ливи гаралтай еврейчүүдийн бүх хохирлыг 15 жилийн дараагаас төлөхөөр шийдвэрлэв. Хэрэв Каддафи төлбөр олгох хугацааг тавин жилээр нэмсэн бол "ЗХУ-д коммунизмын үндсийг 20 жилийн дараа байгуулчихна" гэсэн Никита Хрущевийн мөрөөдөлтэй дүйж болох байв.

 

Ливийн еврейчүүдийн бүх дэлхийн байгууллагын тэргүүн Меир Кахлоны хурандаа Каддафийн төлөөлөгчтэй хийсэн анхны уулзалт 2005 онд эхэлжээ. Ливийн удирдлага өөрийн иргэн байсан хүмүүстээ нөхөн төлбөр өгөхөд бэлэн байна гэх найдварыг хэлэлцээр төрүүлжээ. Гэхдээ Каддафийн элч нар эх орон нэгтнүүдийнхээ толгойг илт эргүүлсэн аж. "Тэр үеийн яриа хэлэлцээ Каддафийн хүү Сеиф аль Исламын төрсөн өдөр хэлсэн юм. Бага Каддафи нар араб, иврит хэл дээр дуулдаг Израилийн дуучин эмэгтэй Заава Бенд талтай ханддаг талаар бидэнд ярьсан Ливийн нэг төлөөлөгч чухам энэ тухай бидэнд сануулсан юм" гэж дээр өгүүлсэн Меир Кахлон дурсав. Кахлон тэр өдөр нь л хурандаагийн шинэ хүүд Заава Бений дуутай цомог бэлэглэж байжээ.

"Ливийн хувьсгалын удирдагч Муаммар Каддафи еврейчүүдэд мөнгөн тусламж үзүүлж Арабын орнуудын байгууллагаас Израильд тавьсан хоригийг зөрчих бодолгүй байна" хэмээн жилийн дараа Ливийн төлөөлөгч шулуухан мэдэгдэв. Телъ-Авиваас холгүй байдаг Бат-Ям хотод 1955 онд байгуулагдсан "Дэлхийн гэрэл" (Ор Шалам) гэдэг нэгдэл Израильд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Ливид үлдээсэн хөрөнгийнх нь нөхөн төлбөрийг Каддафигаас авч еврейчүүдэд өгүүлэхийн төлөө энэ нэгдэл иргэний дайн эхлэх хүртэл янз бүрийн алхам хийсээр байлаа. Гэвч Ливийн эрх баригчид цааргалсаар байв. Тэд "Еврейчүүд ямар хөрөнгө үлдээснийг тодруулах боломж олдохгүй байна" гэсэн хачирхалтай мэдэгдэл хүртэл хийж байлаа.

Израилийн Тлобус" гэдэг сонин Муаммар Каддафи еврей гаралтай тухай сонирхолтой сэдэвт хуудсаа харамгүй зориулах болов. Ер нь энэ талаар янз бүрийн цуу яриа, явган шог байдаг ч Ливийн удирдагчийн гарал үүслийг гэрчлэх баримт байдаггүй аж Харин хурандааг Умард Африкт ч, Ойрхи Дорнодод ч өөрийн хүн гэж үздэггүй аж. Египетийн лалын шашинтнуудын тэргүүн Юсуф аль-Кадауй Катарын "Аль-Жазүра" телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа Каддафийг алахыг уриалсан байна.

 


Муаммар Каддафи еврей гаралтай эсэх тухайд түүний дайснууд ч нэгдмэл бодолгүй байдаг юм байна. Зарим нь түүнийг лалын шашинт эртэй суусан Триполийн еврей эмэгтэй Разелла гэгчээс төрсөн гэж үздэг. Францын үндэсний баатар, "Норманди-Неман" эскадрилийн нисгэгч агсан дэслэгч Альбер Прециозийн хүү гэж Каддафийг үздэг хүмүүс бас бий. Энэхүү Прациози еврей үндэстэн бөгөөд 1943 онд агаарын тулалдаанд оролцож байгаад ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр амь үрэгдсэн юм билээ. Прециозийг Каддафийн эцэг гэж үздэг хүмүүс еврей нисгэгчийг 1940 онд юм уу, 1941 онд Алжирт байсан цэргийн баазуудын нэг дээр ливи бүсгүйтэй учирсан гэж нотлохыг оролддог. Дашрамд хэлэхэд Каддафийн төрсөн он, сар, өдрийг олон түмнээс нууцалсаар иржээ.

 

Каддафийн эцэг гээд байгаа хүнийг дээд Корсикийн ууланд байдаг Прециозийн төрөлх хотынхон сайн мэддэг аж. Сонирхуулахад Ливийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад одоо ашиглаж байгаа эндхийн нисэх хүчний бааз Прециозийн нэрэмжит юм байна. Ливийн залуухан удирдагч 1974 онд Нигерийн анхны Ерөнхийлөгч Амани Диоритой албан ёсоор энд уулзсаныг нүдээр үзсэн хүн дурсахдаа "Би нутгийнхаа хүүгийн гарыг сая барилаа гэж Ерөнхийлөгч Диори надад хэлсэн. Каддафийн эцэг нь Корсикийн унаган хүн болохыг ингэж мэдэж билээ" гэсэн байна. "Дэслэгч элсэн цөлд сураггүй болсон тул бид түүнийг үхсэн гэж бодож байлаа. Гэтэл сарын дараа нөгөөх чинь бааз дээрээ хүрээд ирдэг  байгаа. Шархадсан Альберийг нэгэн ливи айл
олж авсан аж гэж Прециозитой хамт алба хааж явсан Жорж Мазурел ярьсан байдаг. Тэр үедээ л  Прециози ливи бүсгүйтэй "учир ургуулсан" гэх яриа дуулдаж байжээ. "Альберт ливи бүсгүй байдгийг бид бүгд мэддэг байсан. Тэр эмэгтэй нэр алдартай гэр бүлээс гаралтай байв. Тэдний дундаас хүүхэд төрсөн. Овгийнхоо нэр төрийг сэвтээхгүйн тулд ливи бүсгүйн ах нь хүүхдийг нь холын сургуульд оруулсан гэдэг" гэж Норманди -Неман" эскадрильд алба хааж байсан Пьер Лорийон гэдэг офицер ярьсан нь бий. Прециозийн  төрөл  садангууд  өөрсдийгөө хурандаа Каддафитай мах цусны холбоотой  гэх баримтыг эрс үгүйсгэдэг байна. Үнэнийг  тодруулахад тус болох ганц юм нь Каддафийн ДНХ-г шинжлэн тогтоох явдал.  Ийм саналыг одоогоор хэн ч хурандаад хэлж зүрхлээгүй байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.