Дэлхийн төрийн тэргүүнүүд хүчингээс өгсүүлээд хүн идэх хүртэл аймшигтай гэмт хэргүүдийг үйлддэг
2011.04.13

Дэлхийн төрийн тэргүүнүүд хүчингээс өгсүүлээд хүн идэх хүртэл аймшигтай гэмт хэргүүдийг үйлддэг

Манай гарагийн улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд эрх баригчдын үйлдсэн гэмт хэргүүдийг нэг дор цуглуулахад үнэхээр аймшигтай. Хэр баргийн шоронд ч иймэрхүү гэмт хэрэгтнүүд цогцоороо байхгүй байх. Жишээлбэл 1974-1990 онд Чилийн Ерөнхийлөгч байсан Аугусто Пиночет. Түүнийг бүр 2004 оноос шүүж эхэлсэн юм. Төв Африкийн дарангуйлагч Жан Бедель Бокасса (1966-1979 онд төрийн эрхийг барьж байсан), Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Чон Ду Хван (1980-1988 онд төр засгийг тэргүүлж байсан) наргүйгээр энэ жагсаалт бүрэн биш.


Төрийн экс лидерүүдийг мөрдөж мөшгихөд улстөрийн тэмцлийг ашиглах тохиолдол бий. Мөн өрсөлдөгчөө чадах гэсэн арга заль, ялагдсан нэгнийгээ яллах зэргээр элдэв хүчин зүйл нөлөөлөх нь дамжиггүй. Тухайлбал Югославын тэргүүн асан Слободанм Милошевичийг Гаагийн трибунал шүүсэн билээ. Иракийн удирдагч Саддам Хусейнийг цаазаар авсан явдал ч үүнд хамаарна.


Гэхдээ нөгөө талаас авч үзвэл нийгэмд эзлэх өндөр байр суурь, эрх мэдэл нь тэднийг хуулиас дээгүүр тавих ёсгүй. Шударга ёс нь сонгуулиар гарч ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад төдийгүй улс орныхоо хуулинд дархлагдан, насан туршдаа халдашгүй эрхтэй болсон дарангуйлагчдад ч үйлчлэх ёстой. Одоо та бүхэнд төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын үйлдсэн сүүлийн үеийн “шинэхэн” хэргүүдээс танилцуулъя.

Израилийн Ерөнхийлөгч Моше Кацав (2000-2007 онд энэ албан тушаалыг хашиж байсан)

 

Израилийн экс Ерөнхийлөгч Моше Кацаву ял авсан нь цэлмэг тэнгэрт аянга буух шиг л түүнд санагдсан байх. Өмнө нь тэр “Улстөрийн өрсөлдөгчид л намайг эрүүгийн хэрэгт сэжиглэж, гүтгэж байна” хэмээн буруутгаж, эцсийн мөчийг хүртэл шүүх засаглалыг экс Ерөнхийлөгч рүүгээ гар далайж зүрхлэхгүй хэмээн найдаж байсан юм. Үнэндээ шоронгийн наар хүрэх замыг түүнээс ч өмнө янз бүрийн орны төрийн тэргүүнүүд гаргасныг Моше Кацаву мартсан мэт байсан.
Тель-Авивын шүүх экс Ерөнхийлөгчөө доод албан тушаалтан бүсгүйг хүчиндсэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоёр ажилтанд бэлгийн дарамт үзүүлж хоргоосон гэж тогтоогоод түүнд долоон жилийн хорих ял ногдуулсан билээ.

Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони

 

Завхай зайдан зангаараа дэлхийд алдартай түүнийг аль хэдэн жилийн өмнөөс л санхүүгийн луйвар, авлигын хэрэгт буруутгаж ирсэн. Гэвч Сильвио Берлускони өнөөг хүртэл ямар нэг байдлаар энэ бүх хэргээс мултарч, шүүхэд ч очихгүй аргалж байлаа. Харин түүний үйлдсэн сүүлчийн хэрэг нь биеэ үнэлэгч насанд хүрээгүй охинтой холбоотой учраас нийгэм өмнөх шиг нь өршөөж өнгөрөхгүй нь лавтай. Ямар ч гэсэн Сильвио Берлускони 4-р сарын 6-нд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Мароккогийн Руби хочит залуу бүсгүй Карима эль Маругт мөнгө өгсөнөө хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Берлускони өөрийгөө өмөөрч, “Би түүнийг биеэ үнэл гэж биш харин мөнгөөр бүү дутагдаасай гэсэндээ л ийм алхам хийсэн” гэж байна.

Францын Ерөнхийлөгч Жак Ширак (1995-2007 онд энэ албан тушаалыг хашиж байсан)

 

Олон нийтийн эд хөрөнгийг шамшигдуулсан, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн хэмээн Жак Ширакийг буруутгаж байна. Ширак Париж хотын мэр байхдаа хуурамч ажлын байр бий болгож, найз нөхөд, намын хамтран зүтгэгчдээ тийш оруулдаг байсан аж. Ширак одоо Париж хотод 2.2 сая еврог нь буцааж өгөхийг зөвшөөрсөн ч энэ нь түүнийг эрүүгийн хэргээс чөлөөлөөгүй.

Либерийн Ерөнхийлөгч Чарльз Тейлор (1997-2003 онд)

 

Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн ялыг Чарльз Тейлорт тулгажээ. Тэрбээр Сьерра-Леонд өрнөсөн иргэний дайны үед ард иргэдийг бөөнөөр хоморголон устгаж, хүмүүсийг тарчилган тамлах ажиллагааг зохион байгуулж байсан аж. Тэр бүү хэл аймшигт дарангуйлагчийг хүний мах идэж зугаацдаг байсан гэдэг. Иймээс Гааг дахь НҮБ-ын олон улсын трибунал 2011 оны зун Либерийн Ерөнхийлөгч Чарльз Тейлорт ял ногдуулж магадгүй байна.

Тунисийн Ерөнхийлөгч Зин аль Абидин бин Али (1987-2011 онд энэ албан тушаалыг хашиж байсан)

Төр, нийгмийн эд хөрөнгийг хууль бусаар өөрийн болгож, гадаад руу валют шилжүүлсэн хэрэгт түүнийг буруутгажээ. Түүнээс гадна экс Ерөнхийлөгч Тунисын хувьсгалын үеэр эхнэрийн хамт Саудын Араб руу зугтан гарахдаа Үндэсний банкаас 1.5 тонн алтан гулдмай авч явсан гэнэ.

Сербийн Ерөнхийлөгч Борис Тадич

 

Хөл бөмбөгийн тэмцээн дээр оргилуун дарс уулаа гэж түүнийг буруутгажээ. Энэ нь тус улсын хууль журмыг зөрчсөн хэрэг юм. Гэхдээ мань эр 2009 онд хэргээ өөрөө хүлээсэн тул Белградын шүүх 400 орчим  еврогоор торгосон байна.

Украины Ерөнхийлөгч Леонид Кучма (1994-2005 онд)

 

Эрх мэдлээ хэтрүүлсэн, Дотоод хэргийн яамны албан тушаалтнуудад хууль бус захирамж өгсөн хэмээн Ерөнхийлөгч Леонид Кучмаг буруутгажээ. Хамгийн аюултай нь экс Ерөнхийлөгчийн энэ үйлдлийн улмаас 2000 онд сэтгүүлч Г.Гонгадзе алагдсан байна.

Перугийн Ерөнхийлөгч Альберто Фухимори (1990-2000 онд)

Ерөнхийлөгч Альберто Фухиморийг 15 сая долларын авлига авсан, тусгай анги нэгтгэл байгуулан Перуаны маостиуудыг устгасан хэмээн ял тулгажээ. Ингээд 2009 онд Перугийн Дээд шүүх экс Ерөнхийлөгчдөө 25 жилийн хорих ял оноосон юм.

Тайландын Ерөнхий сайд Таксин Чинава (2001-2006 онд)

Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж Таиландын Ерөнхий сайд Таксин Чинаваг сэжиглэж байсан. Түүнийг төрийн эрхээс зайлуулахад Таксин Чинава Англи улс рүү зугтаасан юм. Иймээс шүүх түүнд эчнээгээр 2 жилийн ял ногдуулсан байна.

Тайванийн Ерөнхийлөгч Чэнь Шуйбянь (2000-2008 онд)

 

Экс Ерөнхийлөгч Чэнь Шуйбянид төсвийн хөрөнгийг хувьдаа ашиглаж, авлига авсан хэргээр ял тулгасан. Тэрбээр төрийн түшмэдийг томилох, барилгын ажлыг явуулах үеэр их хэмжээний хээл хахууль авч, хөрөнгө мөнгө идсэн нь тогтоогдсон тул 2010 онд 20 жилийн хорих ял ногдуулжээ. Түүний эхнэрийг мөн гэмт хэргийн хамсаатан гэж үзэн, 14 жилийн ял өгсөн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.