Домогт хувьсгалч ЧЕ ГЕВАРА
2011.03.21

Домогт хувьсгалч ЧЕ ГЕВАРА

УДАМШСАН ӨВЧИН

Че Гевара чухам хэзээ төрсөн нь тодорхойгүй. Түүнийг зургадугаар сарын 14 биш, тавдугаар сарын 14-нд төрсөн гэсэн таамаг байдаг. Өөр эх сурвалжаар, Че Геварын ээж жирэмсэн байхдаа хүнтэй гэрлэсэн учир буруугаар мушгин тайлбарлахаас зайлсхийж төрсөн огноог нь өөрчилсөн гэдэг. Эхийн талаасаа түүний судсаар ирландын хувьсгалч Патрик Линч, Перу улсын испани гаралтай сүүлчийн дэд вангийн цус гүйж байлаа.

Че Геварын эцэг аргентины эртний төрөлд хамаарах архитекторч хүн байв.Че Гевара ээжээсээ вангийн цус төдийгүй, удамшдаг өвчин - астма /бүгших мэнгэр/ өвлөж авсан нь Эрнестог үхэн үхтэл нь зовоожээ. Тэр хоёр настайдаа астма тусч, эмч нар ууланд аж төрөхийг зөвлөж, тэнд хүүхэд насаа өнгөрүүлсэн байна. Гэвч астма нь арилсангүй, Эрнесто сургуульд эчнээ сурахад хүрчээ.Тэр эхлээд анагаах ухаан сонирхсон байна. Че Гевара их сургуульд орж, бүр Перугийн уяман өвчнийг эмчлэх газарт ажиллажээ. Тэрбээр Латин Америкаар аялж, ажилчид тэвчихийн аргагүй нөхцөлд аж төрдгийг харжээ. Тэдний амьдралтай харьцуулбал Че-гийн өвчин юу ч биш мэт санагдсан байна. Аяллаас төрсөн сэтгэгдэл нь Эрнесто 26 настайдаа Гватемалын эх орончдын талд орж, АНУ-ын тэнгисийн явган цэрэгтэй байлдахад хүргэжээ.

«КОМАНДАНТЕ» ЧЕ


Кастро овогтой Фидель, Рауль хоёрын зэвсэгт отрядад нийлсний дараа Эрнесто Гевара де ла Серна «Че» /найз, нөхөр/ гэдэг алдартай хочоо авчээ. Харин эр зориг гаргасны учир Эрнесто «Команданте» цол хүртсэн байна.

Кубад хувьсгал ялсаны дараа Че аж үйлдвэрийн сайд болж, Кубын үндэсний банкны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Гэвч хуучин өвчин нь сэдрэв.Че сүрьегээр өвчилж, эмч нарын шаардлагаар шинэ байранд нүүж оров. Тэр сайд байхдаа даруухан аж төрж, фабрикт ажиллаж, чихрийн нишингэ огтолж, боомтод хөлөг онгоцноос ачаа буулгаж байлаа. Тэгэхдээ үнэ хөлсгүй ажилладаг байв.Тэрбээр бас дэлхийгээр аялахдаа мөнгө, ашиг хонжоо, бизнесээс татгалзахыг уриалж байв. Че Зөвлөлт Холбоот Улсад ирээд, «Зөвлөлтийн социализм»-д урам хугарч, ЗСБНХУ-ыг «ардын хувьсгалд туслахаас урвасан» гэж буруутгасан байна. Тэрбээр хэрэг дээрээ Орос орон капитализмд эргэж орохыг урьдаас харжээ.

ХУВЬСГАЛ ГАРАХ ГАЗАРТ БАЙХ


Че Гевара эгэл жирийн ард түмний амьдралыг дотроос нь мэдэхийн тулд чихрийн нишингэ огтолж, фабрикт ажиллахаар явах гэж байгаагаа 1965 оны хавар мэдэгджээ. Гэвч түүнээс хойш удалгүй «команданте» алга болсон байна. Хэдэн өдрийн дараа Че Геварын хүүхдүүд болон эцэг эх салах ёс гүйцэтгэсэн захидал хүлээж авчээ. Че кубачуудаас эгнэгт салж, кубын харьяатаас болон бүх албан тушаал, команданте гэсэн цэргийн цолноосоо татгалзсан тухай захидлыг Фидель Кастро аравдугаар сарын 8-нд уншин сонсгосон байна.Үүний сацуу хэвлэлд олон таамаг гарав. Нэг хэсэг нь Че үхлийн өвчин туссан гэж, зарим нь түүнийг Гаваны цэргийн нууцыг 10 сая доллараар зараад, Кубаас зугатсан гэж бичиж байлаа.Че хувьсгалд хэрэгтэй тэр газарт л байна гэж Фидель Кастро мэдэгдсэн нь хамгийн үнэн таамаг байлаа. Үнэхээр ч «команданте»-гийн мөрийг удалгүй Боливын Ньянкауасу гол дахь партизаны лагериас илрүүлжээ.

Тэнд уурхайчид зэвсэгт бослогод бэлтгэж байв.Че Геварын бодсоноор бол, хувьсгал Аргентин, Перу, дараа нь Конго, Хятад, Уругвайд дэлгэрэх ёстой байв. Гэвч түүний төлөвлөгөө хэрэгжих тавилангүй байв. Гевара 1967 оны аравдугаар сарын 8-нд шархдаж, Боливийн армийн тусгай томилгооныхонд олзлогджээ. Түүнийг байцаасны маргааш нь Хигуэра тосгонд бууджээ. Че Гевараг Вальегранде хотхоны ойролцоох нисч буух зурваст нийтийн булшинд оршуулжээ. Түүнийг оршуулсан газрыг  1997 оны зургадугаар сард л олсон байна. Хожим нь түүний цогцсыг нүүлгэж, Кубын Санта-Клара хотын мавзолейд оршуулжээ.

ХАРААЛ ХҮРСЭН НЬ


Че Геварын алуурчдад хараал хүрдэг гэлцдэг. Лав л тэднээс хэн нь ч ердийн байдлаар нас бараагүй. Олзлогдсон Чегийн харуул байсан бага офицер Марио Уэрта 1970 онд алагдсан. Баригдсан Че Геварыг тохуурхаж байсан дэд хурандаа Андрес Селич Шон Боливын цэргийн дарангуйлагч генерал Уго Бансерын эсрэг хуйвалдсан хэргээр баривчлагдаж, байцаалтын үед эрүү шүүлтээр нас баржээ. Чег алах тушаал өгсөн Ерөнхийлөгч Баррьентос 1969 онд нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн байна. Чег олзолсон хурандаа Сентено Анайя 1976 онд Парист буудуулжээ.

ЧЕ ГЕВАРА ӨНӨӨДӨР


Че Гевараг өнөөдөр зууны хамгийн чухал зуун зүтгэлтний нэг гэж хүлээн зөвшөөрөөд байна. Түүний тухай ном бичиж, кино бүтээсээр. Өнгөрсөн жил Канны 61 дүгээр их наадам дээр жүжигчин Бенисио дель Торо Стивен Содербергийн «Че» кинонд Геварын дүрийг бүтээсний учир «Далдуу модны алтан мөчир» шагнал авсан байна.Гэтэл Чегийн эх орон Аргентинд хүн амын зөвхөн 44 хувь л Чег нутгийнхаа хүн гэж мэддэг, зөвхөн 36 хувь нь л түүний хувьсгалт үйл ажиллагааг мэддэг байна. Алдарт хувьсгалчийн төрсөн Росарио хотод өнгөрсөн жил дөрвөн метр өндөр хөшөө босгожээ.Харин дэлхийн орнуудад цамц, майк, зурагт хуудсан дээр зурсан түүний дүр Че Геварыг газар сайгүй санагдуулж байдаг юм. Тийнхүү капитализмаас чөлөөлөгдөхийн төлөө тэмцэж байсан чухамхүү кубын хувьсгалч энэ хүн хамгийн алдаршсан брендийн нэг болжээ. Зохиогчийн эрхийг мөрддөггүйгээс Чегийн хөргийг согтууруулах ундаа, үнэтэй машин, кофе, телефон утас, компьютер, түүгээр ч барахгүй эмэгтэй хүний дотуур хувцасны рекламд ашиглаж байна.Че Геварын нэрийг ашиглахыг түүний хүүхдүүд эсэргүүцдэг. Зарим оронд Чегийн дүрийг худалдаа найманд ашиглаж байгаа нь баячууд, ядуусын хоорондын харилцаа хурцдахад нэрмээс болж байна гэж «команданте»-гийн хоёр дахь эхнэрээс төрсөн охин Алейда Гевара ярьжээ.«Янз бүрийн ангийн төлөөлөгчдийг дайсан болгоход Чегийн дүрийг ашиглаж байгаад би сэтгэл түгшиж байна» гэж тэр хэллээ. Алейда нэг форумаас гаргасан уриалгадаа «Бидэнд мөнгө хэрэггүй, хүндэтгэл үзүүлэхийг бид шаардаж байна» гэж бичжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.